АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙХ:
Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж гэмээн амттай болдог гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч амьдрал дээр тэгж чаддаггүй оролдоод л орхидог нь олон. Хүн бүр харилцан адилгүй. Та оюуны ажил хийдэг ч бай, биеийн хүчний ажил хийдэг ч бай хөдөлмөр бүхэн үр шимээ заавал өгч байдаг. Хөдөлмөрч хүнийг бурхан шагнадаг шүү дээ. Ямар ч хэцүү, бэрх ажил байсан түүнийхээ ард гарсны дараа бид бүгд баярладаг. Зарим нь өөрөөрөө бахархдаг. Миний хувьд би ажлыг халтуурдаж хийхийг хэзээ ч хүсдэггүй. Ямар ч ажлыг гүйцэтгэлтэй, цагийн юмыг цагт нь хийхийг маш их хичээдэг. Ямар ч хэцүү ажил байсан бай өөрөө чадах чинээгээрээ хичээж, судалж мэдэж, хэрэв үнэхээр чадахгүй бол бусдаас тусламж гүйхаасаа санаа зовдоггүй. Та нар ч гэсэн санаа зовох ердөө хэрэг байхгүй юм шүү. Бид бүхэн бүгд төгс нэгэн биш. Гэхдээ гол нь өөрөө эхлээд оролдоод үзэх хэрэгтэй юм шүү.
Яагаад ч юм надад ямар нэгэн бичиг цаастай л зууралдаж байвал сэтгэл амар амгалан байдаг. Мэдээж стрессдэх, шантрах үе олон гардаг ч түүнийгээ даван туулсны дараа юу ч болоогүй юм шиг л явж байдаг их л сонин хүн. Би бичиг цаас, ном дэвтрээс өөрийгөө олдог. Би тэндээс дэс дараалал, эмх цэгцтэй байхыг олж хардаг. Энэ ч миний амьдралд маш их хувь нэмэр оруулдаг. Аливаа зүйлийг төлөвлөх, дэс дарааллын дагуу эмх цэгцтэй хийх нь маш чухал. Би ч бай та ч бай ажилдаа сэтгэл хангалуун, дур сонирхолтой байхын тулд гол өөрчлөх зүйл нь бид өөрсдөө юм гэдгийг би ойлгосон. Тиймээс өөрийгөө хэрхэн аз жаргалтай сэтгэл хангалуун байлгах тухай өөрийн туршлагаасаа Та бүхэндээ хэлэх гэсэн юм. Жишээ нь:
1. Өөртөө хүлээлт бий болго.
Би өглөө их эрт сэрдэг. Ажил эхлэхээс 1 цагийн өмнө ажил дээрээ очдог. Энэ нь тухайн өдрийнхөө хийх ажлыг бодох, ажил эхлэхэд бүгд бэлэн байх нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Гэрээсээ гарахдаа ажил дээрээ очоод кофе ууна даа, өрөөнд байгаа цэцгээ усална даа, ширээгээ арчина даа гэх мэтчилэн жижиг ч гэсэн хүлээлтийг өөртөө бий болгодог. Ингэснээр өөрөө өөртөө аз жаргалыг өгдөг.
2. Шинэ содон зүйлийг турших.
Би ихэвчлэн гэрээсээ өдрийн хоолоо бэлтгэн очдог. Энэ нь фитнесст яваад хоолны дэглэм барьдагтай холбоотой ч нөгөө талаар өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Гэхдээ заримдаа өөрийгөө баярлуулж, өөр төрлийн хоол идэх, өөр хүмүүстэй яриа өрнүүлэх дуртай. Эсвэл шинэ гарсан дуу олж сонсоод түүнийгээ даган дуулахын тулд үгийг нь бичээд цээжилдэг. Энэ их сонин сонсогдож байна уу. Тиймээ гэхдээ л би тэгдэг. Гадаад дуу бол орчуулахаас ч буцахгүй.
3. Бүгдийг түр орхих.
Өдөр бүр л өөр өөр байдаг шүү дээ. Ажил ихтэй, стресс ихтэй, бие тааруу гэх мэт. Ийм үед бүгдийг орхиод сууж буй сандлаасаа босох хэрэгтэй юм байна лээ. Тэгэхгүй бол түүндээ гүн автан илүү ихээр стрессдэж, толгой өвдөх магадлалтай. Иймд би хажуу талынхаа өрөө рүү орж юу ч хамаагүй ярих, эсвэл гарч кофе уухыг эрмэлздэг болсон. Та нар ч бас стрессдсээ үедээ ямар нэгэн зүйл хийж туршаад үзээрэй.
4. Чадна гэсэн итгэлтэй байх.
Ямар ч их ажилтай байсан ард нь гарах хэрэгтэй. Ингэхийн тулд бага багаар төлөвлөн хийх нь илүү үр дүнтэй. Их ажлыг жижиг болгож, ар араас нь бага багаар хийхэд нэг л мэдэхэд ард нь гарсан байх болно. Мэдээж цаг хугацаатай ажил бол шахуу хийж болно. Миний хувьд би хийх ёстой ажлуудаа жагсаан бичиж, тэрхүү жагсаалтаасаа хийсэн ажлуудаа хасаж кайф авдаг. Дараа нь түүнийгээ хараад “ӨӨӨ би энэ ажлыг хийчихсэн, амархан байсан байна ш дээ” гэх мэдрэмжийг авах дуртай. Хийсэн ямар ч ажил тань нь их ч бай, бага ч бай бидний ололт, амжилт шүү дээ.
Бид бүгд ямар ч ажлыг хийж чадна. Гагцхүү түүнийг хийх сэтгэлтэй, зүтгэлтэй хийж байх ёстой гэж боддог. Сэтгэлтэй хүнээс үнэнч шударга байдал, тууштай зан төлөв ажиглагддаг. Тиймээс та компанийн захирал ч бай, ажилтан ч бай аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж, түүнийхээ үр шимийг хүртэн амьдраасай гэж хүсэж байна.