Аз жаргал гэж юу вэ?
Аз жаргал гэгч чухам юу вэ? Хүний амьдралын үнэ цэнэ чухам юунд оршдог юм бол? Эдгээр асуултад бүгд л ямар нэг байдлаар хариулж чадах байх.
Ихэнх хүмүүсийг харахад аз жаргалыг мөнгөнөөс, зарим нь сайхан унаа тэрэг, байшин, эсвэл бүр гоо сайхан байдал, өнгө үзэмжээс хардаг.
Миний хувьд би аз жаргалыг гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй гэж боддог. Надтай санал нийлэх хүн ч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Жишээ нь: Эцгийгээ хүндэлж, эхийгээ хайрладаг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж чаддаг гэж боддог. Энэ нь амьдрал дээр бүр батлагдсан ч байдаг.
Гэр бүл нь халуун дулаан уур амьсгалтай, нэг нь гаднаас орж ирэхэд инээд хөөрөөр дүүрэн угтаж, нэг нэгнийгээ халамжилдаг, хайрладаг, хүндэлдэг гэр бүлд аз жаргал оршин байдаг.
Аз жаргалын хамгийн гол үндэс бол амар амгалан байдал, хэрүүлгүй орчин, уур бухимдлаар асуудлыг шийдвэрлэдэггүй л байвал тухайн гэр бүлийн бат бөх суурь тавигдаж байна гэж хардаг. Тиймээс анхнаасаа л үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж гэмээн ирээдүйд үр хүүхдүүдийн минь гэр бүл аз жаргалтай болох нь гарцаагүй. Магадгүй надтай адилхан хараахан гэр бүлтэй болоогүй Та уншиж байвал нэгийг тунгаан бодоод үзээрэй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхүү тэрхүү олон шалгууруудыг давж, өөрийн аз жаргалыг олсон хүн л бусдад аз жаргалыг түгээх болно.
Өнөөдөр бид аз жаргалыг жаахан зүйлээс ч болов мэдэрч болно. Хайртай хүнтэйгээ хамт байх, бусдад чин сэтгэлээсээ туслах, бусдыг баярлуулах, бусдад урмын үгс хайрлах, үргэлж хөгжилтэй байж инээмсэглэх, өөрийнхөө гоё сайхан бүгдийг бусадтай хуваалцах нь өөрөө аз жаргалыг бусдад түгээх нэг хэлбэр юм болов уу.
“Аз жаргал нь дотоод амар амгалангаас шалтгаалах бол дотоод амар амгалан нь сайхан сэтгэлээс шалтгаална” гэж 14-р Далай лам хэлсэн байдаг. Тэгвэл аз жаргалтай байх нь өөрийгөө олохоос, өөрийнхөө хүсэж буй зүйлийн төлөө тэмцэхээс эхлэлтэй юм. Тэрхүү хүсэж буй зүйл тань юу ч байж болно. Та яг юу хүсэж байна вэ? Юуг хийвэл та яг одоо жаргалтай болох вэ? гэдгээ өөрөөсөө асуугаад хариултаа олоорой. Хүн бүрд л би үүнийг хийчихвэл, шийдчихвэл аз жаргалтай болох болно гэсэн бодлууд хөврөн байгаа.
Аз жаргалтай байна гэдэг сэтгэл хангалуун, амар тайван амьдрал тул жинхэнэ аз жаргалаа олоосой хэмээн Та нараасаа чин сэтгэлээсээ хүсэж байна.