Аяллын тэмдэглэл №2

GaakiGaaki
5 min readAug 10, 2020

--

Бидний аялал маш сайхан мэдээтэй эхэлсэн юм. Миний бүтээсэн тэмдэглэлийн дэвтэртэй гарын авлагын маань зохиогчийн эрхийн гэрчилгээ гарсан тухай мессэж ирсэн өдөр байлаа. Тэр өдрөө л би аз жаргалтай, маш их эрч хүчтэй өглөөг эхлүүлж, бид ч замдаа гарах боллоо. Тэр сайхан бодлуудтайгаа сайхан хөдөө амарчхаад ирье гэсэн бодол дүүрэн байсан юм.

Би хамгийн сайн найзтайгаа, түүний ээж болон нагац эгчтэй нь цуг явсан юм. Бид Улаанбаатар-Хэнтий-Дадал сумын зүг хөдөллөө. Тэд маань буриад хүмүүс билээ. Би ч урьд нь буриад хүмүүстэй цуг ажиллаж байсан болохоор надад төсөөлөл хамаагүй илүү байсан. Миний хамгийн дотны хуурай эгч маань буриад хүн. Тэр хүн надад буриад хүмүүсийн тухай болон нутгийн аялаг хийгээд аж байдлын тухай ихийг ярьж өгдөг байсан юм. Тийм болохоор ч надад их дотно санагдсан даа.

Замд гарахын өмнө найз маань бидний явах газар засмал замаар 300 км, шороон замаар 300 км явна гэж хэлэх үед надад шууд л эхлээд хүндхэн санагдаж эхэлсэн юм даа. Ккккк. :p Замд сайн явж чадахгүй, амархан ядардаг би баларсаан хэмээн дотроо бодон явлаа. Тэгсэн замдаа гараад л тэрхүү бодлууд сарнин алга болсон юм.

Яагаад гэхээр маш олон яриа бидний дунд өрнөж, нөгөө тэгш шулуун зам, шороон донсолгоотой зам надад ердөө нөлөөлөөгүй юм. Хамгийн хачирхалтай нь найзын маань ээж болон эгч тэр хоёр маань 60 гаруй жилийн дараа цугтаа нутаг руугаа яваа эгч дүүс юм. Явах замдаа багийн явдалуудаа дурсан ярьцгааж, инээлдэн, хөгжилдөн аав ээж минь тэгдэг байсан, би ингэдэг байсан чи тэгдэг байсан гээд л ярих бүрдээ дуу нь чангараад, нүдэнд нь оч бадраад яг л жаахан хүүхдүүд шиг аз жаргалтайгаар ярьж, ярих юм нь ч замд дуусаагүй юм. Чи тийм залуутай уулздаг байсан биз дээ тэр яасан бэ? Гээд л нэгнээсээ асуух нь бид хоёрын инээдийг хүргэнэ.

Бид хоёр ч замын туршид дуу сонсон явж, хажуугаар нь тэр хоёрынхоо яриаг алгасахгүй чих тавин сонссон юм. Дуунууд дунд маань гэнэт орчин үеийн залуусын сонсдог дуунууд явангуут найз бид хоёрын хоолой дээд өнгөн дээрээ гарч, нөгөө нэг дуу дуугаа авалцан дуулцгааж гарлаа. Бид хоёрын дуулангуут нөгөө хоёр маань чимээгүй сонсоно. Хэхэхэ

Тэр хоёр маань хадланд 7 настай байхдаа аавтайгаа цуг явдаг байсан тухай, том болоод нөхөрт гарахдаа цусаа ойртуулахгүй гээд халх хүнтэй сууна гэж боддог байсан тухайгаа ярьсан юм. “Ойрын тэнэгээс холын цэцэн дээр” гэдэг шиг нээрээ л алсын хараатай бодож байсан байгаам шүү гэж би бодсон.

Нутгийн зүг дөхөөд ирэх тусам тэр хоёрын маань нутгийн аялага орж байсан юм. Би ч заримдаа зарим үгийг нь ойлгохгүй юу гэсэн үг вэ? гээд л асууна.

Ингээд бид замдаа нэг хонож Хэнтий аймгийн Дадал суманд ирсэн юм. Тэр байгаль нь ямар сайхан гээч. Биднийг очмогц нутгийн хүмүүс 10 гаруй хоног нар харсангүй, дан бороо орлоо. Та нар харин яг өнөөдөр нар гарахад ирлээ дээ хэмээж байсан юм. Би ч дотроо бид ч азтай яваа юм байна гэж бодон зогсов.

Дадал сумын 10 жилийн сургуулийн багш гэр бүл болох найзынхаа ахынд бид зочлон очсон юм. Очсон цагаас эхлэн маш найрсгаар намайг хүлээн авч, байгаа бүхэнээ надад барин, яг л би ихэс дээдэс шиг байлаа. Өдөр болгон ямар хоол идэхийг асууж, юу хэрэгтэй байна, яахаар байна гээд гэр бүлийн минь хүмүүс шиг байлгасан тэрхүү ах эгч болон 3 хөөрхөн хүүд нь маш их баярлаж байгаа.

Үүх түүх ихтэй дадал суманд үзэж, харах ч юм ихтэйг хэлэхүү, бид хоёрын ч зураг их даруулсныг хэлэхүү. Нөгөө л нэг аялалд явах бүрдээ өөр өөр хувцсаа сольж өмсөж зургаа даруулдаг шигээ л явлаа. 4, 5 өдөр маш хурдан өнгөрсөн юм.

Ер нь хөдөөний хүмүүс их ажилсаг хүмүүс байдаг шүү дээ. Түүн шиг л энэ нутгийн хүмүүс өглөө маш эрт босож, үнээ малаа сааж, саасан сүүгээрээ цөцгий, аарц, нэрмэл архи гарган авах гээд л өглөөнөөс эхлэн ажил эхэлдэг юм байна лээ. Айл болгон гэртээ жимс, ногоо тарьж, талхаа өөрсдөө барин, ногоогоо дарж, варейнаа хийж эрүүл амьдралын хэв маягийг бол жинхэнэ утгаар үзүүлдэг хүмүүс юм байна гэдгийг би очсон өдрөөсөө эхлэн мэдэрсэн юм.

Бидний очсон айл л гэхэд гаднаа жимс, ногоо тарьсан, тарьсан ногоогоо варейний шилэнд нямбайлан дарсан, жимсээрээ варейн хийж, талхаа өдөр бүр шинээр барин, үнээ малаа сааж өглөө бүр шинэхэн сүүтэй цай чанаж өгч байсан. Энэ бол тэр нутгийн нэг айлын л жишээ.

Ер нь яагаад хүмүүс бид өөрсдөө ийм их зүйлийг хийж чадах чадалтай байж, зарим хүмүүс нь залхуу байдаг юм бол хэмээх бодол ч орж ирж байлаа. Хот хөдөө гэлтгүй бид адилхан л хүмүүс шүү дээ.

Багахан зүйлийг чин сэтгэлээсээ хийж, түүнээс эерэг мэдрэмж аван амьдардаг хүмүүс бол хөдөө амьдарч буй тэдгээр хүмүүс юм. Мэдээж хүн бүрд амьдралд нь тодорхой хэмжээний асуудлууд байх ч тэнд бол надад юу ч бодогдоогүй зүгээр л байгалийн сайхныг харж, түүнээсээ маш сайхан мэдрэмжийг авсаар би ирсэн юм.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet