Байгууллагын соёл гэж юу вэ?
Байгууллагын соёл гэж тухайн байгууллагын бусдаас ялгарах онцлог, байгууллагын ажилтнуудын янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг гол хүчин зүйл юм. Мэдээж байгууллагын соёлыг ажилтнууд тодорхойлж байдаг ба ажилтан хоорондын харилцаагаар илэрнэ. Ажилтнуудын хүсэл эрмэлзэл, дур сонирхлыг бөхөөхгүй хадгалж байх, ажлаас үүдэн гарсан стресс бухимдал зэргийг бууруулдаг зүйлийн нэг бол мөн л байгууллагын соёл. Ямар ч байгууллага аз жаргалтай ажилтнуудтай байхыг хүсдэг. Аз жаргалтай хүнээс ажлын бүтээмж илүү их гарна.
Байгууллагын соёл гэж дараах 10 хүчин зүйлээс бүрддэг байна. Үүнд:
1. Хувь хүний санаачилга
2. Ажилтнуудын шинэ санаачилгыг дэмждэг байх
3. Байгууллагын зорилт гүйцэтгэлийг дэвшүүлж байгаа байдал
4. Байгууллагын газар, нэгжүүдийн хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоо
5. Удирдлагын дэмжлэг
6. Хяналтын байдал
7. Харьцуулалт
8. Шагнал
9. Зөрчлийн арга хэмжээ
10. Харилцаа холбоо
Байгууллагын соёл төлөвшсөн газар ажилтан тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, сэтгэл хангалуун ажиллаж чаддаг. Харин эсрэгээрээ ажилтнууд нь байнга орж, гарж, солигдож байдаг компани соёлын орчин байхгүй удирдлагын арга барил, хүний нөөц муу байгаагийн илрэл юм. Ийм газарт ажилтнуудын сэтгэл ханамжийн тухай яриад ч хэрэггүй биз.
Жишээ нь манай байгууллагын хувьд шинээр орсон ажилтнуудыг газар, нэгжүүдээр явж танилцуулах, тэдэнд чиглүүлэх хөтөлбөр, албан хэрэг хөтлөлтийн сургалт зэрэг бусад байгууллагатай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг олон арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Байгууллагын дотоод соёлоор дамжуулан нээлттэй ил тод байдал болон ажилтны юу хийж, ямар ач холбогдолтой ажил хийж байгааг нь ойлгуулж өгснөөр ажлын бүтээмж эрс сайжирдаг.
Байгууллагын соёл нь ажилтанг байгууллагаа гэсэн сэтгэлтэй, тогтвортой хөгжих, ажлын бүтээмжтэй байхад гол нөлөөлдөг зүйл тул яг ямар соёл бүрэлдэн тогтоод байна вэ гэдгийг судлан мэдэж, мэдэрдэг байх хэрэгтэй.
Шинээр орсон юм уу эсвэл хуучин ажилтан ч бай тэдний ажлыг мохоох үйлдэл хийх, байгууллагад ийм л байх ёстой, ингэдэггүй юм, тэгдэггүй юм гэх мэтчилэн, мөн нэг хүний хэлснээр л байгууллагын соёлыг тодорхойлдог, өөрийгөө хэзээ ч тухайн албан тушаалаас буухгүй мэт бусдадаа бүдүүлгээр ханддаг маш олон үйлдлүүд байдаг.
Сөрөг зүйлсийг шинэ ажилтнуудад байнга харуулж, үйлдлээрээ үзүүлж байвал тэдний бүтээлч байдал үгүй болж ажилдаа сэтгэл хангалуун бус байх болно.
Тиймээс буруу тогтсон хэвшил, соёлоос хазайж, шинэ соёлыг бий болгохын тулд бүгдээрээ зүтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.