Бид хэрхэн гэрээсээ ажиллаж болох вэ?
Өнөөдөр ковидын улмаас хүн бүр зайнаас ажиллах арга барилд сурч байгаа. Урьд өмнө нь бидний ихэнх нь төдийлөн гэрээсээ ажиллаж үзээгүй гэхэд болно. Зарим компанийн хувьд одоогийн зайнаас ажиллахыг илүү чухалчилж үзсэн ч байж болно. Одоо үед интернеттэй байхад хаанаас ч ажиллах бүрэн боломжтой гэдгийг бид бүгд ойлгож байна. Тэгвэл би та бүхэндээ гэрээсээ хэрхэн ажиллаж болох тухай хүргэхээр боллоо.
Үүнд:
- Хамгийн эхэнд бид сахилга баттай байх хэрэгтэй. Учир нь ажлаа хийгээд ядарсан, залхуу хүрсэн үед ор ойрхон, өлссөн, цангасан үед хөргөгч ойрхон байгаа тул бидэнд тэвчээртэй байдал, сахилга бат хэрэгтэй.
- Үр дүн чухал. Гэртээ байгаа юм чинь гээд хийх ажлаа хойшлуулж хэрхэвч болохгүй. Хийх ажлынхаа жагсаалтыг тухайн өдрийн өглөө юмуу, орой нь гаргаад нэг нэгээр нь хийгээд явах нь чухал. Үр дүнтэй ажиллахын тулд мэдээж завсарлага авч амрах хэрэгтэй. Юуны тулд гэртээ байгаа билээ дээ.
- Ажлын дундуур өөртөө тодорхой хэдэн минут гарган амрах хэрэгтэй. Гэрээсээ олон цагаар ажиллах болсон гээд олон цагаар суух биш, дундуур нь цай уух, ус уух, багахан дасгал хийж чилээгээ гаргах хэрэгтэй. Урьд нь оффис дээрээ олон цагаар сууж ажиллах явцдаа ус ч уулгүй ажилладаг үеүүд олон шүү дээ. Тиймээс тэрхүү дадал хэвшлээ өөрчлөхийг хичээж, дундуур нь яаж ч байсан хэдэн минут гарган дасгал хийх, ус уух боломжийг өөртөө олгоорой.
- Гэрээсээ ажиллаж байгаа гээд амьдралын хэмнэлээ өөрчилж болохгүй. Гэр бүлийнхнийгээ сэрээхгүй гээд өглөө эрт босож чадахгүй хэвтсээр хамаг цагаа барах хэрэггүй. Учир нь та гэр бүлийнхээ хүмүүст өөрийгөө гэрээсээ ажиллаж байгаа гэдгээ мэдрүүлж, ойлгуулж, тэдэнтэй зохицох хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэнд, нойрны асуудлыг бодох хэрэгтэй шүү. Шөнөөр их ажиллах нь нойргүйдлийг авчрах тул дэмий юм хийхээ зогсоох хэрэгтэй.
Миний хувьд би ажилдаа явдаг цагаасаа 2 цагийн дараа өглөө бүр сэрж байгаа. Мэдээж сэрээд ус, цайгаа уугаад ажлын ширээн дээрээ сууна. Ажлаа зайнаас хийж байгаа тул ажлын болон хувийн и-мэйлээ шалгана. Дараа нь хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад эхнээс нь хийж эхэлнэ. Мэдээж дундуур нь өөртөө амралт өгч 20 минут дасгалаа хийнэ. Дараа нь дараагийн ажлаа хийж дуусаад гэрээ цэвэрлэнэ. Энэ цаг хугацааг хий дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байгаа тул өөрийгөө хөгжүүлэхийн тулд өөрт хэрэгтэй сэдвээр мэдээ мэдээлэл уншиж, тэмдэглэл хөтлөх, подкаст сонсох гэм мэт зүйлүүдийг өдөр бүр хийж байна. Ингээд л оройн хоолны цаг болох тул би яаж ч байсан ажлуудаа амжуулан оройн 5 цагаас хойш ажил болоод бусад бичих ажлуудаа хийхгүй байгаа. 6 цагаас хойш өөртөө болон гэрийнхэндээ цаг гарган оройн хоолоо хийх, бусад гэрийн ажлуудаа хийх, кино 2–3 цаг үзэх гэх мэт зүйлсийг хийгээд унтах болно. Иймэрхүү байдлаар карентиний өдрүүдийг гэрээсээ ажиллаж, амарч өнгөрүүлж байна. Та бүхэн минь ч гэсэн энэ хэдэн өдрийг үр бүтээлтэй, өөрийнхөө дадал хэвшлийг бага ч гэсэн эерэг зүйлсээр өөрчлөөд үзээрэй.
Амжилт хүсье.