Бүгдээрээ бичгийн чадвараа сайжруулцгаая.

GaakiGaaki
4 min readAug 12, 2020

--

Мэдээж бичгийн чадвартай байх нь боловсролтой хүмүүсийн гол шинж чанаруудын нэг юм. Бид өдөр бүр харилцаанд орж байдаг. Ярих, сонсох, бичих гээд л. Эдгээрээс эзэмшвэл зохих чадваруудын нэг бол бичих чадвар юм. Амьдрал дээр сургууль, ажилд тэнцэхийн тулд бичгийн боловсролтой байх нэн шаардлагатай. Ажил дээр албан бичиг, төлөвлөгөө, тайлан бичих, и-мэйл бичих гээд өдөр тутам ямар нэг хэмжээгээр байнга бичгийн чадвар хэрэг болж байдаг.

Би өдөр тутам бичиг цаастай ажиллаж бичгийн боловсролыг тодорхой хэмжээгээр эзэмшсэн гэхэд болно. Тийм ч учраас өөрийн туршлага дээр тулгуурлан Та бүхэндээ бичгийн чадварын ач холбогдол хийгээд сайн бичдэг болж болох тухай хэдэн зөвлөгөө, мэдээллийг хүргэхийн зорьсон юм.

1. Маш сайн унш.

Та юу ч уншиж болно. Гол нь эргээд танд өгөөжөө өгөх зүйл л уншихыг хичээгээрэй. Жишээ нь: Урам зориг өгөх ном, Уран зохиолын ном, Алдартнуудын түүх, намтар, амжилтын тухай гээд байж болно. Урам зориг өгөх номоос амьдрал дээрээ хэрэгжүүлж болох маш олон санаа, зөвлөмжүүдийг авч болно. Уран зохиолын ном уншсанаар сэтгэн бодох чадвар болоод юмс үзэгдлийг дүрслэн харах чадваруудыг байнга авч болно. Аль болох уншиж л байх хэрэгтэй. Уншихаа хэзээ ч зогсоож болохгүй.

2. Бич бас дахин бич.

Байнга бичсээр бай. Төрөл бүрээр бичиж болно. Үүнд:

- Өдрийн тэмдэглэл хөтлөх

Тэмдэглэл хөтлөх нь маш сайн аргын нэг юм. Өдрийн тэмдэглэл хөтөлснөөр таны бичих чадвар улам сайжрах болно. Тухайн өдрийн хийсэн ажил, болсон үйл явдал гээд бичиж болох юу л байна бүгдийг бичих хэрэгтэй. Би өдөр бүр тэмдэглэл хөтөлж, өдрийн төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөө гаргахдаа бас л бичнэ.

- Уншсан номын тэмдэглэл хөтлөх

Та ямар ч ном уншсан бай түүний тухай тэмдэглэл хөтөлж болно. Учир нь эргээд тухайн номын үйл явдлыг санаж байхын тулд мөн өөрийн бичгийн чадварыг сайжруулахын тулд өөрт ойлгогдохуйц хэл найруулгын хувьд зөв бичих хэрэгтэй. Жишээ нь би уншсан номын тэмдэглэл байнга хөтөлдөг. Тэмдэглэж авахдаа он, сар, өдөртэй нь өөрт таалагдсан ишлэл хийгээд тухайн номын ерөнхий утга агуулгыг өөрийн бодсоноор хураангуйлан тэмдэглэн авдаг. Хүн бичиж байхдаа байнга бодож, өөртэйгөө ярилцаж, аливааг үнэлж цэгнэж байдаг юм.

- Сошиал медиа дээр бичих.

Бичсээр байх нь таныг бусад хүмүүсээс нэг алхмын урд аваачих болно. Сошиал медиа дээр бичсэнээр бусдын магтаал, шүүмж зэргийг дээд зэргээр хүртэх болно. Хүнд шүүмжлүүлэх тусам улам сайжрах болно. Өөрийн хараагүй зүйлийг бусад хүмүүс маш сайн харж чаддаг шүү дээ. Өөрийн гаргасан алдаан дээрээ гутрах биш, харин түүнийгээ засаж сайжруулан авах нь чухал. Эсрэгээр нь “Чи маш сайн бичсэн байна”, “Мундаг байна” гэх үгэнд хүн бүр дурлах болно. Ингэснээр та эрч хүч авч бичгийн чадвар тань улам нэмэгдэнэ. Миний хувьд би сошиал медиа /medium/-д бичвэр байнга оруулдаг. Энэ нь надад бичих чадвараа хөгжүүлэх боломж олгодог юм. Би нэг сэдэвт баригдалгүй төрөл бүрийн сонирхолтой зүйл бичихийг хүсдэг. Заавал бүх хүмүүст таалагдах албатай биш шүү дээ. Зүгээр л бичсээр байна.

Албан бичиг бичих.

Та ямар нэг байгууллагад харьяалагддаг ч бай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ч бай ямар нэг байдлаар албан бичиг бичих шаардлага зайлшгүй гарна. Тийм шаардлага гарахгүй байсан ч та албан бичиг бичээд сурчихвал хэрэгтэй шүү дээ. Тухайн албан бичигт юуны тухай дурдсан, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай гээд л бүх процессыг зураглан харах хэрэгтэй. Албан бичгээр ирсэн асуудлын хариуг албан бичгээр буцаан хариу өгөх нь хамгийн соёлтой байдлын илрэл юм.

Ингээд эхлээд албан бичгээ төлөвлөх хэрэгтэй. Албан бичгийг төлөвлөхдөө хэл найруулга нь утга төгөлдөр, түүний агуулга нь хууль, эрх зүйн хувьд зөв байх, товч тодорхой, зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн, стандартын шаардлага хангасан байх ёстой. Ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа бол албан бичгийн найруулга байдаг. Албан бичгийн найруулгын хувьд дараах байдлаар байна. Үүнд:

· Агуулга нь маш тодорхой

· Албан ёсны үг хэллэгтэй

· Нуршсан зүйлгүй

· Хар яриа, бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялага оруулаагүй

· Дүрсэлсэн утга, зүйрлэл зэргийн хэрэглээгүй

· Ер нь тухайн үг шууд утгаар орсон байх ёстой байдаг.

Төрөл бүрээр хүн бичих тусам улам сайжраад л байна. Бичих чадвараа сайжруулахын тулд орчуулга хийж бас болно. Та ямар ч гадаад хэлний мэдлэгтэй бай түүнийгээ ашиглан орчуулга хийснээр үгийн баялагтай болж, найруулга зүй, үг сонголт зэрэг дээр улам сайжрах болно.

Өөрийн сонирхдог сэдвээр өөрийн дуртай зүйлийн талаар орчуулга хийх нь илүү сонирхолтой уйдамгүй байдаг. Би жишээ нь гадаад дууны үг, сонирхолтой ишлэлүүдийг орчуулах дуртай.

Танд ч гэсэн дуртай, сонирхдог зүйлс байгаа болохоор түүнийхээ дагуу орчуулга хийгээд үзээрэй.

Ингээд та бүхэн минь өөртөө зав гаргаж, бичих чадвараа сайжруулан, өөртэйгөө тулж ажиллан амжилт гаргахыг хичээнгүйлэн хүсье.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet