Итгэл гэж юу вэ?
Итгэл гэж миний бодлоор сэтгэлийг тэтгэж байдаг агуу зүйл юм. Бид хүмүүст сэтгэлээ өгөхөөс гадна итгэлээ байнга өгдөг байх. Надад тэгж санагддаг. Улмаар итгэсэн хүндээ сэтгэлээ нээж, бүхий л жаргал зовлонгоо хуваалцаж байдаг. Гэхдээ хүнд их итгэж байгаад хууртагдах, буруугаар ойлгогдох тохиолдол бишгүй л гардаг шүү дээ.
Ер нь хайр сэтгэл, гэр бүл гээд бүгд л итгэл дээр оршин байж, батжин бэхэждэг. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан зүйл. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан зовоож, сэтгэлийн мөнхийн зовлон эдэлж байдаг шиг санагддаг. Итгэх итгэлээ алдсан гэмээр бусдыг буруутгаж, түүндээ бат итгэн, өөрөө түүнийгээ төсөөлөн, бодсон зүйлдээ гүн итгэж, бусдыг ч, өөрийгөө ч зовоосоор байдаг.
Миний хувьд би итгэлтэй гэж бодсон хүндээ хэзээ ч юмаа нуудаггүй. Ер нь их нээлттэй хүн л дээ. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулдаг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, хүнд итгэдэггүй хүмүүс их хэцүү. Итгэлгүй хүнд үг бүү хэл. Зүгээр л зогсоо.
Таны чандлан ярьсан яриаг бусдад дэлгэж ярих тэрхүү хүмүүсээс холуур явж, холбогдоод ч хэрэггүй. Өөрөөсөө ч нуух шахам итгэлт бүхнээ уудлан ярьсан бүхнийг мөнхөд нуу.
Байгаа бүхнийг нүдэн дээр нь хэлчихдэг, шулуухан хүмүүс харин их амар шүү. Тэд дотроо аливааг нуугаад, далд санаа өвөрлөж байхгүй, тэдэнд итгэж болно.
Үүнийг уншиж буй та хүний итгэлийг олж авсан бол өөрийгөө сайн хүнд тооцож, танд итгэсэн хүнээ битгий алдаарай.
“Хүний итгэлийг олох амаргүй
Харин алдах маш хэцүү”