Миний 31 настай болох хүртлээ ойлгож авсан 12 зүйлс.
Карентинаар гэртээ суугаад өдөр тутмын зүйлсээ хийхийн хажуугаар энэ цаг хугацааг өөртөө зориулж, аливааг бодож эрэгцүүлэхийг хүслээ. Би 31 нас хүртлээ ер нь амьдралаас юуг ойлгож авсан бэ?
1. Байнга нэг ажлаа битгий хий.
Нэг ажлыг хийж сурч, түүндээ мэргэшсэн гэж бодсон бол өөр ажилд шилжин ажиллах хэрэгтэй. Энэ нь нэг ажлаа удаан хийх хэрэггүй гэсэн санаа. Учир нь хүн нэг ажлаа удаан хийснээр түүндээ стрессдэж, ажлын бүтээмж ч буурдаг. Түүний оронд өөрийгөө сорьж өөр ажил хийж үзэх хэрэгтэй. Энэ нь танд шинэчлэл, өөрчлөлтийг авчрах болно. Миний хувьд би яг үүний дагуу явж, өөр албан тушаалд шилжин очиж өөрийгөө өөр өнцөгөөс харах болсондоо баяртай байгаа. “Чиний хийгээд сурсан зүйлийг хэн ч булааж авахгүй” гэж ээжийн минь хэлдэг байсан үг үнэхээр надад урам зориг өгдөг.
2. Зүгээр л хийж эхэл.
Бид өөртөө үргэлж худал ярьдаг. Өнөөдрөөс яг эрүүл хооллож эхэлнэ, өнөөдрөөс яг фитнесст явж эхэлнэ, өнөөдрөөс яг мөнгөө хурааж эхэлнэ гээд л байнга өөрсдийгөө хуурсаар байдаг. Тэгвэл бүгдээрээ ядаж өөртөө үнэнч байгаад хийж эхлэх гэсэн нэг зүйлээ өнөөдрөс эхлүүлбэл ямар вэ? Миний хувьд би 2 жилийн өмнөөс өөртөө худал хэлэхээ больж, фитнессээр хичээллэж байна. Энэ нь надад эрч хүч, урам зоригийг өгч байгаа. Тиймээс яг одоо эхэл.
3. Өөрчлөлтийг өөрөөсөө.
Өөрийгөө өөрчлөхийн тулд эхлээд яг юуг өөрчлөх хэрэгтэй байгаагаа тодорхойлоорой. Миний хувьд би бодол санаанд орсон зүйлсээ зүгээр л дэвтэр дээр бичээд сууж байдаг байсан бол одоо бусдад хэрэгтэй мэдээ, мэдээллийг бичиж бусдад түгээхийг хүсдэг болсон. Тимйдээ ч би өөрийн блогоо нээн та нартайгаа ингээд уулзах болсондоо баяртай байгаа. Тиймээс яг юу хүсэж байгаагаа олоод, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө өөрчлөөд үзээрэй.
4. Хэн нэгнийг өөрчлөх гэсний хэрэггүй.
Надад нэг хүн хэлж байсан юм. Миний 30 жил сурсан хүмүүжлийг чи засаж, өөрчилж чадахгүй ээ гэж. Би тухайн үедээ хүн өөрчлөгдөж болно, яагаад болохгүй гэж өөрөөсөө асууж, тэр ч байтугай бусадтай зөрчилддөг байсан. Гэвч эцсийн дүнд тухайн хүн л өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй бол би мянга өөрчилье гээд бодоод ч хэрэггүй гэдгийг ойлгосон юм. Тиймээс зарим хүнийг байгаагаар нь хүлээн авч, хүлээн авч чадахгүй бол орхих хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон.
5. Өдөр бүр унш.
Бид аливаа зүйлийг уншиж байж л орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно. Уншихдаа өдөрт 10–15 хуудасыг унших. Энэ магадгүй зарим хүнд их тоо мэт санагдах боловч яг тухайн сэдэвдээ гүн орох юм бол тийм ч их тоо биш. Сонирхсон сэдвийн хүрээн дэх 5–10 номыг уншсан байхад та муугүй олон мэдээлэлтэй болох болно. Миний байнга хийдэг зүйл бол ном унших. Сонирхолтой номыг бол өдөрт нь уншаад дуусгана. Ингэснээр би өөртөө хөрөнгө оруулалт хийж байна гэж боддог шүү.
6. Гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой бай.
Би сүүлийн 10-аад жил эцэг эх хоёроосоо хол амьдарч байгаа. Оюутан болоод л гэрээсээ гарч байсан би одоог хүртэл эцэг эхээсээ тусдаа амьдарч байна. Сайн ч явсан, муу ч явсан хүний эцэг эх гэдэг үр хүүхэд биднийхээ төлөө байнга санаа нь зовж явдаг хүмүүс. Тиймээс 7 хоногт нэг удаа тэднийхээ мэнд усыг мэдэж, мессеж бичих, утсаар ярих хэрэгтэй.
7. Өөрөөсөө илүү хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.
Мэдээж хүн бүр л сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тиймээс бид амьдралын ухаантай, хөдөлмөрч, эерэг хандлагатай, үргэлж болно бүтнэ гэсэн сэтгэлтэй, шинийг санаачилдаг, шаргуу, хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэж боддог. Тийм хүмүүсийн хажууд илүү хурцлагдаж, илүү ихийг хийх хүсэл төрөх болно. Чамайг үргэлж доош унагаадаг, урам зоригийг чинь мохоодог хүмүүсээс зайгаа барь.
8. Байгаагаараа л бай.
Амьдралд олон дүр гаргаж амьдрах гэсний хэрэггүй. Хэн нэгэнд таалагдах гэж өөрөөсөө өөр ааш гаргаж, түүндээ итгэн, өөрийгөө мартах вий. Энэ бол байж боломггүй үйлдэл. Хэн нэгэн чамайг байгаагаар чинь харах л болно. Бусдад таалагдах гэж хичээхийн оронд, зүгээр л өөрийнхөөрөө л бай.
9. Зөөлөн нь хатуугаа иднэ.
Энэ бол бодит үнэн. Чанга хатуу байлаа гээд аливаа ажлыг бүтээнэ гэсэн үг биш. Аливаад зарим үед уян хатан байж, тухайн нөхцөл байдалд дасан зохицох ёстой бол тэгэхээс өөр арга байхгүй. Өөрийнхөөрөө зүтгээд зарим тохиолдолд амжилт олохгүй. Буулт хийх үедээ буулт хийж, бусдыг ойлгох гээд хичээж үзэх хэрэгтэй.
10. Өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй.
Өдөр бүр хийдэг зүйлээ хийгээд л байх юм бол та улам бүр мэргэших нь тодорхой. Гэхдээ өөрийгөө орхиж байна гэсэн үг. Нэг ёсондоо байгаа газраа зогсоод л байна гэсэн үг. Хийх дуртай зүйлдээ цаг гаргаж түүнийгээ улам сайн хийж сурахын тулд өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарна.
11. Тууштай бай.
Бид 20 хэдэн насандаа юм юм руу үсчин явдаг байсан. Бүх л юмыг хийж болох юм шиг санан зоригтойгоор хийдэг. Одоо бол тэгэх биш, дотроо сайтар бодож тунгаан нэг эхэлсэн ажлаа тууштайгаар хийсэн хүнд л амжилт ойрхон байх болно. Нэг зүйлийг чанартай сайн хийж чадвал дараагийн хийх зүйлс бүхэн аяандаа амархан байх болно.
12. Санхүүгийн сахилга бат.
Эмэгтэйчүүд бид хүссэн зүйлээ авч л байж санаа нь амардаг хүмүүс. Тэгвэл одоо яг энэ авах гэж буй зүйл надад зайлшгүй хэрэгтэй юу гэдгээ бодож тооцоолох цаг болсон. Олсынхоо зоргоор үрээд сурсан бол одоо цааш нь хадгалах цаг нь болжээ.