Номын тэмдэглэл №2: “Улаан могой” роман
Би хүн бүрд зурсан зураг, төөрөг тавилан, хувь заяа байдаг гэдэгт итгэдэг. Хүн хувь тавилангаараа амьдралаа бүтээдэг. Тиймээ бид яаж амьдарна, амьдрал тийм л байна.
Монголчуудын бид өв уламжлалаа хүндэтгэн Цагаан сарын баярыг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Шинийн нэгний өглөө хүн бүр л зүг мөр гаргах ёсоо дагаж, ирэх жилийнхээ үүд хаалгыг нээж байдаг. Улмаар жилд нэг удаа тухайн жилийнхээ засал номоо хийлгэн, тухайн жилд өөрийгөө, гэр бүлээ, ажил амьдралаа даатган, ирсэн. Түүндээ итгэн сүсэг бишрэлтэй байдаг хүмүүс.
Би ч тэдгээр хүмүүсийн нэг. Тэр дундаа төрсөн жилийн мэнгэ нь ямар байхаас шалтгаалж тухайн хүний амьдрал тийм л байдаг юм шиг санагддаг. Хүн бүр төрсөн жилийнхээ нэрээр “тийм жилтэй” гэж ярьдагтай адил төрсөн жилийн мэнгэ гэж байдаг. Мэнгэ гэхээр тухайн хүнийн биеэнд үзэгдэх мэнгэ, толбо биш, харин тэр хүний хувь заяа, ааш авир, зан төрх зэргийг шингээсэн байдаг юм байна.
Мөн Монголчууд эртнээс л зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригийг гаргадаг байсан уламжлалтай.
Монголд өнөөдөр зурхайд итгэдэг маш олон хүмүүс байгаа. Сошиалаар ч тэр, сонин сэтгүүл дээр гээд хаа сайгүй л өдрийн, 7 хоногийн ордын зурхай явж байдаг шүү дээ. Магадгүй зурхайд итгэгддэггүй, тоодоггүй хүмүүс ч олон бий. Сонирхолтой баримт дурдахад зурхай уншигчдын 70% нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа ч байдаг юм.
Тэгвэл энэхүү номонд 5-р зууны үед аж төрж буй Монголчууддаа цуутай Түмэнбилэгт зурхайчийн ихэр охид болох Номудара, Чойжиндарагийн хувь тавиланг харуулсан бөгөөд эцгийнхээ зурхайн эрдмийг өвлөсөн Номудара болон 2019 онд амьдарч буй Дуулим бүсгүй нарын нууцлаг сэжмээр холбогдсон амьдралыг харуулсан юм. Тэр ч бүү хэл орчин үеийн “Kate spade” брэндийн түрийвч гарч ирэн, эрт үетэй холбогдож буй тухай ч гардаг. Энэ сонирхолтой биш гэж үү. Би лав уг романыг бүхэл бүтэн 2 цаг гарны хугацаанд тасралтгүй шимтэн, тухайн дүр болгонд орж уншиж дуусгасан юм.
Би уг номоос хүн өөрийн зөн совиндоо итгэдэг байх хэрэгтэй гээд өөр бусад олон зүйлийг олж харсан. Аливаа зүйл зүгээр нэг чам дээр ирдэггүй, харин цаанаасаа зурсан зургаараа л ирдэг гэж боддог. Мөн хайрлаж дурлах гэж яарсны хэрэггүй, чамайг гэсэн юм бүхэн чамайг өөрөө олоод төвөггүйхэн ирдэг гэдгийг ойлгосон.
Нөгөө заяаны хань зам дээр гэдэг үг байдаг шүү дээ. Тэр үгийг зүгээр ч нэг хэлээгүй л байх. Юм бүхэн цаанаа утга учиртай, болох зүйл тухайн огтлолцол дээрээ л болох болно.
Энэхүү номоос надад таалагдсан ишлэлүүд:
- Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрью
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдью. /Лу.Алтан товчоос/
- Усыг уухдаа түүндээ сайн сайхныг шивнэн уух нэн тустай.
- Шатрын хүү заавал урагшаа нүүнэ. Ноён шиг байрандаа сууж, бэрс шиг тал тийш хөрвөж үл болно.
- Шатрын хүү бол ухрах зам үгүй. Урагшаа нүүсээр тоглоомыг эхлүүлж, өрнүүлж байдаг.
- Хайр дурлал ямар ч хувь тавиланг няцаан өөрчилдөг. /Мигель де сервантес/.