Ном унших дадлыг өөртөө хэрхэн бий болгох вэ?
Ном бол ертөнцийг харах цонх гэж ярьдаг. Бид аливаа цонхоор гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлсийг л олж харахыг хичээдэг. Тэгвэл бид ихэнхдээ унших номоосоо ч гэсэн өөрт хэрэгтэй, ажил, амьдралд тус болохуйцыг сонгон уншсаар байдаг. Хүн ном уншихдаа оюун бодолдоо төсөөлөн, ургуулан уншдаг. Ямар ч номын баатруудыг бид өөрсдийн хүссэнээрээ дүрслэн, тэр ч бүү хэл үс, хувцас, оршин байгаа газрыг нь хүртэл бодитоор харж байгаа юм шиг сэтгэн дотроо зурдаг.
Тэгвэл хүний тархийг булчин шөрмөстэй яг адилхан байнга дасгалжуулж байх ёстой байдаг юм байна. Нэг ёсондоо номоор түүнийг дасгалжуулах юм. Ном байнга уншсанаар хүний сэтгэн бодох үйл явц хурдсан, үгийн баялаг нэмэгдэж, ой тогтоол сайжирдаг.
Ингээд та бүхэндээ ном унших дадлыг өөртөө олж авах 6 зөвлөгөөг хүргэж байна.
- Ном уншихад тохирсон орчинг бүрдүүлэх: Энэ нь гэртээ юм уу эсвэл кофешопт чимээ багатай орчинд ном унших. Номыг хэдий чинээ төвлөрч уншина, төдий чинээ та оюун бодолдоо ургуулан унших болно. Эсвэл цэвэр агаарт ууланд алхангаа өөрт тухтай санагдсан газраа олж сонгон уншиж ч болно. Гэртээ жижигхэн ном унших булан гарган тохижуулж ч болно шүү дээ.
- Ном унших дадал бий болгох: Та нэг их ном унших дургүй бол эхлээд ном уншихдаа өдөрт ядаж нэг хуудас ном уншаарай. Өөртөө аль болох амар байдлаар ном уншиж эхлэхгүй бол халшрах, олон хуудас ном хараад, үүнийг яаж дуусгана даа хэмээн сэтгэлээр унаж ч мэдэх юм. Өдөрт бага багаар ном уншиж эхэлснээр та өөртөө ном унших дадлыг бий болгож байгаа гэсэн үг юм.
- Өөрийн хүссэн сэдвийн номоо унших: Хүмүүсийн санал болгож буй болгоныг унших гэсний хэрэггүй. Харин өөрөө юу уншихыг хүсэж байгаагаа сайтар бодож олсон нь дээр. Магадгүй та ямар нэгэн гарааны бизнес эхлүүлсэн бол маркетингтай холбоотой ном унших ч юм уу. Аль болох таны ажил, амьдралд хэрэг болохуйц ном олж уншихыг хичээгээрэй.
- Хаа ч явсан уншиж буй номтойгоо цуг байх: Хэрэв та гэртээ байгаа бол өөрийнхөө хамгийн их цаг өнгөрүүлдэг тэрхүү газартаа номоо ойр байлгаарай. Магадгүй таны орны хажууд байх юм бол өглөө, орой гээд сэрэх, унтах бүрд нүдэнд тань харагдаж ном унших сэдлийг тань төрүүлэх болно. Мөн ажилдаа явахдаа цүнхлээд гаргахаа мартаваа. Өглөө ажил эхлэхээс өмнө болон өдөр цайны цагаараа, эсвэл зав гарсан үедээ бага гэлтгүй өдөрт хэдэн хуудсыг ч уншиж болно. Өдөр бүр аль болох номондоо салхи оруулж байгаарай.
- Уншсан номын тэмдэглэл хөтлөх: Хүн сард, жилд гээд хэдэн ч ном уншиж болно. Гол нь уншаад орхих биш, тэрхүү номын тухай тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Ингэснээр та 5 жилийн дараа уншсан номын тухай эргэн санах үед таны бичсэн тэмдэглэл хэрэг болох болно. Ямар ч номыг бид шимтэн уншиж, уншсан номын хэсгийг санах гэж хичээдэг шүү дээ. Тэгвэл бичих явцдаа ч тухайн номоо эргэн санаж, номоос авах мэдрэмж тань өсөн нэмэгдэх болно.
- Уншсан номынхоо талаар найз нөхөдтэйгээ санал бодлоо солилцох: Уншсан номынхоо талаар бусдад ярьж өгөх, санал бодлоо солилцох маш өгөөжтэй. Ингэснээр та бусдын санаа бодлыг ойлгох, өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах нэгэн боломж юм. Эсвэл номын ямар нэг клубт ч элсэн орж болно. Ингэснээр таны хүрээлэл тэлж, улам их ном унших сэдэл төрж, ном унших дуртай, сонирхолтой нэгнээс өөр сайхан зөвлөгөө, зөвлөмжүүдийг авах болно.
Миний бичсэн эдгээр 6 зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна. Ном унших нь асар их төвлөрлийг бий болгодог. Нэг ёсондоо та бясалгал хийж байна гэсэн үг юм. Хүний амьдрал байнга дардан шулуун явахгүй, хазайж хэлтийсэн, сэтгэл гутралд орсон үедээ ном уншихыг би та нартаа зөвлөж байна.
Ийм үед ном уншсанаар орчлонгоос тасарч, стрессийг ор тас мартах болно. Мөн хамгийн сайн нойрны эм юм. Ингээд та бүхэн минь үргэлж номонд дуртай, шимтэн уншдаг уншигч байгаасай гэж хүсэж байна. :)