Олны өмнө хэрхэн нээлттэй, чөлөөтэй ярих вэ?

GaakiGaaki
3 min readNov 2, 2020

--

Та ингэхэд хэр нээлттэй, чөлөөтэй хүн бэ? Өөрийн бодол, хэлэх гэсэн санаагаа өөртөө итгэлтэйгээр бусдад ярьж чаддаг уу? Ихэнх хүмүүс өөрийн сайн мэддэг зүйлээ бусдад илэрхийлэн гаргаж чаддаггүй.

Бид 10 жилдээ багшийн өмнө гарч асуугдах гэж ангийнхныхаа урд гараад ярих, сургалт семинар дээр суух үед илтгэгч таныг онцлон асуулт асуухад сандрах гэх мэт олны өмнө гарах асуудал бидэнд тулгардаг. Тэр үед бусдаас ичих, тухайн үедээ мэддэг зүйлээ мэдэхгүй болж сандарч самгарддаг. Мэдээж энэ нь олны өмнө ярих ур чадвар, өөртөө итгэлтэй байдал дутагдаж буйн шинж юм.

Ажил амьдрал дээр гарсан ч энэ байдал нь үргэлжилж олны өмнө гарч ярихаас айж эмээдэг, дотоод айдастай байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл ямар нэгэн илтгэл олны өмнө тавих гэж буй бол та эхлээд гэртээ өөрийн утсаараа өөрийнхөө ярьж буй талаар бичлэг хийж үзэх хэрэгтэй. Энэ нь та өөрийгөө юун дээр алдаж байгаагаа харах бүрэн боломжтой болно гэсэн үг.

Миний хийдэг нэг зүйл бол найзууддаа болон ажлынхандаа мэдээлэл, сургалт өгдөг. Энэ нь цөөн хүний орчинд өөрийн ярих чадварыг дээшлүүлж буйн нэг жишээ. Өөрийн 5–6 найз, ажлын газрын 10–20 хүний урд маш чухал илтгэл тавьж байна гэж бодон ярьдаг юм. Жишээ нь: Найзуудынхаа дунд аль нэг сэдвийн талаар яриа эхлүүлж тодорхой хугацаанд үзэл бодлоо хуваалцаж мэдээлэл өгдөг бол ажлын газрынхаа хүмүүст “Албан хэрэг хөтлөлт”-ийн тухай сургалтыг орсноор олны өмнө ярих чадвар маань нэмэгддэг. Цөөн хүний өмнө илүү итгэлтэй ярьж чаддаг бөгөөд аяндаа намайг сонсох хүний тоо ч нэмэгдэж орчин ч тэлнэ гэсэн үг.

Хүн ярих чадвартай байна гэдэг таны амьдралд шинэ боломжууд бий болох давуу талтай. Хүмүүст хүртээмжтэй, тодорхой, ойлгомжтой мэдээлэл өгөх нь хамгийн сайн зүйл тул олны өмнө гарч ярих чадвараа сайжруулах хэрэгтэй.

Мөн миний хувьд олны өмнө ярих хамгийн шилдэг аргын нэг бол “Гол санаагаа тэмдэглэх” юм. Бичих нь төсөөлөн ярихаас илүү их мэдээллийг ой ухаанд шингээн өгдөг. Ярих зүйлээ илэрхийлж чадахгүй санагдвал эхлээд та ярих зүйлээ бичээд хараарай. Бичсэний дараа гол санаануудаа жагсаан бичиж тэмдэглэх хэрэгтэй. Дараа нь түүнийгээ ярих дарааллын дагуу эрэмбэлэн жагсаан үр дүнтэйгээр яриагаа хийх боломжтой. Мэдээж хүний ярианы өнгө маш чухал тул ярианыхаа хурдан удааныг тохируулахаа мартаж болохгүй. Энгийн ярьдгаасаа бага зэрэг чангаар хэлж үгээ тодоор, дунд нь пауз аван, асуулт анхааруулах үгсийг жигд хэмнэлээр ярих нь таныг гайхалтай харагдуулах болно.

Ингээд танд амжилт хүсье.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet