Та оновчтой шийдвэр гаргаж чаддаг уу?
Хүн бүр л амьдралдаа ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж байдаг. Тэр нь сайн ч бай, муу ч бай адилхан. Гэсэн хэдий ч аль болох оновчтой зөв шийдвэр гаргаснаар амьдралд учирч болох аливаа эрсдэл, саад бэрхшээлээс холуур байхад тусална. Аливаа шийдвэр гаргахад нухацтай байж, гарах үр дагаврыг тооцсон хяналт шаардагдах болно.
Жишээ нь: Та аливаа нэг шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай тулгарсан бол өөртөө 7 хоногийг өгөөд үзээрэй. Нэг дор маш олон зүйл хийлгүйгээр өдөр өдрөөр хийх нь таны шийдвэр гаргалтад нөлөөлөх болно. Ингээд шийдвэр гаргалтын 7 хоног эхэллээ.
1 дэх өдөр-Зорилгоо тодорхойлох: Таны шийдвэр гаргалтад нөлөөлөх чухал зорилгоо та тодорхойлох хэрэгтэй. Яг юуны тухай шийдвэр гаргах гэж байгаагаа өөрөөсөө асууж, болж өгвөл ЯАГААД гэсэн асуултыг өөрөөсөө байнга асуу.
2 дахь өдөр-Холбогдох мэдээ, мэдээллийг цуглуулах: Та зорилгоо тодорхойлчихсон тул шаардагдах мэдээ, мэдээллийг олон талын сувгаас цуглуулж болно. /Интернет, ном, сонин/ г.м.
3 дахь өдөр-Төрөл бүрийн хувилбар боловсруулах: Цуглуулсан мэдээ, мэдээллээ ангилан олон төрлийн хувилбар бий болгох. Шийдвэр гаргалтад эргэлзэх тохиолдол цөөнгүй тулгарах тул яагаад бэлтгэлтэй байж болохгүй гэж.
4 дэх өдөр- Бусдаас тусламж хүсэх: Та олон талын мэдлэгтэй найз нөхөд, эсвэл хамтран ажиллагсдаасаа тусламж хүсэж болно. Мэдэхгүй зүйлээ бусдаас асуух нь ичгэвтэр зүйл биш шүү дээ. Ингэснээр та олон талын мэдээлэлтэй болж шийдвэр гаргах нөхцөл тань бүрдэх болно.
5 дахь өдөр-Оновчтой шийдвэр гаргах: Цуглуулсан мэдээлэл, бусдаас хүссэн тусламжийн дагуу та олон хувилбар дундаас нэг шийдвэрийг гаргах цаг ирсэн байна.
6 дахь өдөр-Гаргасан шийдвэрийнхээ явцыг хянах: Таны гаргасан шийдвэрийн явц хэрхэн явагдаж буй тухай хянаж болно. Гаргасан шийдвэр тань ямар нэгэн алдаатай байж болох тул алдаанаасаа айх хэрэггүй.
7 дахь өдөр-Гаргасан шийдвэртээ эзэн болох: Гаргасан шийдвэрээ эцсийн байдлаар нягтлан үзэж, цаашид анхаарах зүйлсээ тодорхойлох.
Ингээд таны гаргасан шийдвэрт та эргэлзэх хэрэггүй. Учир нь та:
- Хангалттай мэдээлэлтэй байсан
- Олон хувилбараас дүгнэлт хийсэн
- Бусдын туслалцааг хүссэн
- Өөрийн дотоод мэдрэмжээ сонгосон
- Өөрийн зөн совинд итгэсэн тул шийдвэрээ үр дүнтэйгээр хэрэгжүүлж, шийдвэр гаргалтаа тогтмол дүгнэж байх нь чухал юм.
Шийдвэр гаргалтад нөлөөлдөг хүчин зүйлс нь:
1. Аз туршилт
2. Тодорхойгүй байдал
3. Зөрөлдөөн
4. Хувь хүний үнэт зүйлс
5. Бусдын туслалцаа
6. Бүтээлч байдал
7. Шинийг санаачлагч байдал
8. Идэвх зүтгэл