УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: “ЕВРЕЙ ХҮМҮҮСИЙН БОЛОВСРОЛ БОЛОН АМЖИЛТЫН НУУЦ” — КУ ЖЭ ХАГ

GaakiGaaki
5 min readAug 24, 2022

--

Еврей хүмүүсийн амжилтын нууц бол тэдний боловсрол юм. Еврей хүмүүс аль ч салбарт гайхалтай чадварлаг байдаг гэдгийг бид бүгд мэдэх болсон. Жишээ нь: Алберт Эйнштейн, Жорж Сорс, Стивен Спилберг, Ларри Кинг, Гүүгл, Билл Гейтс зэрэг алдартнууд бүгд еврей хүмүүс. Хэдийгээр тэдний боловсролыг өвөрмөц гэж байгаа боловч яг судлаад үзэх юм бол хэний ч мэдэх энгийн зүйлс байсан гэдгийг бид энэхүү номоос унших болно. Еврей хүмүүсийн боловсролын гол цөм бол мэдлэгийн төдийгүй хүн чанарын хосолсон боловсрол юм. Энэхүү номын зохиолч Солонгос хүн бөгөөд еврей хүмүүсийн боловсролыг Солонгос улсын боловсролын системтэй харьцуулан дүгнэх байдлаар бичсэн юм.

Энэхүү номыг унших гол шалтгаан бол хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар олон гайхалтай арга барилаар бичсэн хийгээд уншигчдаас өндөр үнэлгээ авсан ном тул миний сонирхлыг ихээхэн татсан билээ. Учир нь би ирээдүйд эх хүн болох тул ирээдүйн хүүхдүүддээ, гэр бүлийн боловсролыг олгох чухал үүрэг хүлээх учраас тэр. Миний амьдралдаа хэрэгжүүлдэг, баримталдаг зарим арга барил энэхүү номонд тусгагдсан бөгөөд гол нь тэдгээрийг бидний өдөр тутмын амьдралд байнга оршин байдаг гэдгийг санах хэрэгтэй. Бид мэдлэгийн болон хүн чанарын боловсролыг өдөр тутмын амьдралдаа бодитоор ашиглан, дүрэм журам шиг дагаж мөрдөх хэрэгтэй болоод байна.

Энэхүү номонд эдгээрийг тус тусад нь салган авч үзсэнийг Та бүхэндээ тус бүрээр нь ерөнхий байдлаар бичиж оруулж байна. Үүнд:

1. Гэр бүлийн боловсрол:

Еврей хүмүүс гэр бүлийн боловсролд маш их анхаарал хандуулдаг. Ихэнх хүмүүс ажил төрөл ихтэй, завгүй, ядарсан гэх шалтгаанаар гэр бүлдээ нэг их анхаарал хандуулахаа больдог. Харин үүний оронд эхнэр нөхөр 2 бие биенээ хүндэтгэх, гэр бүлээрээ хамт хооллох, өдөр бүр хүүхдүүддээ унтахаас нь өмнө ном уншиж өгөх, өглөөний цайгаа хамт уух, зэргийг нэг их чухал биш, аар саархан зүйл гэж боддог ч үнэндээ тийм биш бөгөөд хүүхдийн зан чанар, дадал хэвшил, хүн чанар, бие хүн, авьяас чадвар бүрэлдэн бий болоход хамгийн их нөлөө үзүүлдэг нь эдгээр зүйл болон гэр бүл байдаг. Тиймээс хүмүүсийн аар саар гэж боддог өдөр тутмын амьдралд тохиолддог эдгээр зүйлс нь бидний хүүхдүүдийн чадварлаг боловсон хүчин, бие хүн болоход нь гол тулгуур болдог байх нь. Еврей хүмүүс мэдлэг боловсролтой хүн хамгийн баян хүн болохыг багаас нь ойлгуулж өгдөг. Эх хүн бол гэр бүлийн амин сүнс бөгөөд гэр бүлийн боловсролд эмэгтэй хүн шийдвэрлэх байр суурийг эзэлдэг бас нэг шалтгаан нь гэр бүлд эр нөхрөө өрхийн тэргүүн гэдгийг хүүхдүүддээ ойлгуулдаг чухал хүн юм. “Чи эр нөхрөө хаан шиг хүндэлбэл тэр чамайг өөрийн хатан шигээ хүндлэн хайрлах болно” гэж үг ч бий. Эхнэр нөхөр 2 хүүхдүүдийнхээ дэргэд бие биенээ хайрлан хүндэлж, урам өгч, зоригжуулах нь тэдэнд маш их үлгэр дууриалал болдог. Мөн хүүхдүүдээ буруу зүйл хийсэн үед нь баруун гараа шийтгэж, зүүн гараараа тэврэх зарчмыг баримтлах, зочны өрөөнд телевизийн оронд номын тавиур байршуулах, хичээлээ хий гэж хэлэхийн оронд, өөрийн биеэр үлгэрлэн хичээлийг нь зааж өгч, хамтдаа ном унших, төрөл бүрийн сэдвээр ярилцаж хүүхдүүдтэйгээ аль болох цагийг хамт өнгөрүүлж, гэр бүлийн боловсролын үндэс суурийг тавьж өгөх хэрэгтэй.

2. Суралцах чадвар:

Хүүхдийн сонирхол бол маш чухал зүйл. Хүүхдийн сониуч зан хамгийн идэвхтэй үед нь “сурна” гэдэг хүнд хэцүү зовлон бэрхшээлтэй зүйл биш харин “сонирхолтой, хөгжилтэй” зүйл гэдгийг ойлгуулах юм. Эцэг эх бол хүүхдүүдтэйгээ ярилцах хамгийн гол хамтрагчид. Унтахаас нь өмнө 15 минут ном уншиж өгөх, уншсаны дараа номонд гарсан гол баатрын зан чанар, номын гол утга санаа гэх мэт тухайн номыг бүрдүүлж буй үйл явдлын талаар хүүхдүүдтэйгээ харилцан ярилцах дадалтай болгох хэрэгтэй. Мөн онигоо ярьж өгч хөгжилтэй байдлаар оюун ухааныг нь тэлэх, хамтдаа тоглох, тэдэнд итгэл найдвар өгч, чи ийм байх ёстой гэсэн ямар нэгэн шалгуур тавилгүй, хүүхдүүдийнхээ хийсэн ямар нэг зүйлийн үр дүнг хараад магтахаас илүү тэр зүйлийг хийх явцад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг чухал зүйлсийг хүүхдүүддээ зааж сургаж, хамт хийх явдал юм.

3. Бүтээлч чадвар:

Асуулт бол хүүхдийн тунгаан бодох чадварыг сайжруулах хамгийн шилдэг арга юм. Хэн нэгнээс асуулт асуувал түүнд хариулахын тулд тунгаан бодох шаардлага бий болдог. Бүтээлч хүүхэд асуулт ихтэй байдаг. Нэг ёсондоо нэг хэв маягт баригдан, тогтоосон дүрэм журам ерөнхий ойлголтоор аливааг сэтгэн бодохоос татгалзан бүхий л талаар бусдаас асууж лавлан, бүтээлч зан чанартай хүмүүс бий болдог гэсэн үг. Хүүхдүүдийнхээ цээжлэх чадварыг нь нэмэгдүүлж, ирээдүй бол олон талт чадвартай боловсон хүчний эрин үе гэдгийг ойлгуулж хүүхдийнхээ сонирхож буй салбарыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь мэдэхгүй зүйлээ бусдаас санаа зовохгүйгээр асууж чаддаг болгон өсгөх хэрэгтэй.

4. Хүн чанарын боловсрол:

Еврей хүмүүс зөвхөн боловсрол мэдлэг гэхээс илүү хүн чанарын боловсролыг давхар олгодог. Тэд өдөр бүр хүүхдүүдтэйгээ ярилцахдаа, мөн тэднийг унтахаас өмнө алдартай хүмүүсийн түүх намтрыг уншиж өгдөг бөгөөд үүгээрээ ихэнхдээ өвөг дээдэс үндэсний уламжлалаа дээдлэх үзлийг багаас нь суулгаж, ирээдүйд адилхан болохыг хүссэн загвар хүнийг нь олоход нь тусалж, тодорхойлж өгдөг байна. Хүүхдээ багаас нь бие даалгаж, амьдралын ухааныг зааж сургаж байдаг. Мөн бусдад хандив тусламж үзүүлж дэмжихийн үнэ цэнийг ойлгуулж, ийм төрлийн үйл ажиллагаанд эртнээс оролцуулдаг. Мөнгийг хэтэрхий их шүтэж хайрлахгүй, бас хэтэрхий их үрэн таран хийхгүй хэрэглэж чадахуйцаар эдийн засгийн, санхүүгийн боловсролыг багаас нь олгодог. Хүн чанарын боловсролын гол чухал зүйл болох үнэнч шударга байдал, цаг хугацааны үнэ цэнийг ойлгох, талархалтайгаар амьдрах, бүх зүйлд дасан зохицож чадахуйц байх, бусдыг хайрлаж халамжилж байх, буруу хэрэг хийсэн бол уучлалт гуйдаг байх, бусдад амлалт өгөхдөө биелүүлж чадахгүй зүйлээ амлахгүй, амласан бол заавал биелүүлж байх гээд маш олон энгийн бөгөөд чухал чухал амьдралын ухааныг олгодог байх нь.

5. Ирээдүйн амьдралын зөвлөгөө:

Хүүхдээ итгэл найдвараа алдахгүйгээр амьдралд тохиолдож буй хүнд хэцүү зовлон бэрхшээлийг гайхалтай боломжит мэтээр хүлээн авч чаддаг болгоорой,

- Амьдралд том зүйлийг мөрөөдье гэвэл одоогийн нөхцөл боломжийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдийг хүүхдүүддээ ойлгуулаарай,

- Янз бүрийн улс үндэстний соёлын олон талт хэлбэрийг эрт зааж сурган эзэмшүүлээрэй,

- Хүмүүс хоорондын нөхөрлөлийн чухлыг ойлгуулаарай гэх мэт олон талт зөвлөгөөг чухалчилдаг.

Эдгээрээс дүгнэхэд Еврей хүмүүсийн боловсрол, амжилтын нууцад эцэг эхийн үүрэг хариуцлага маш их бөгөөд хүүхдүүдээ зөв удирдан чиглүүлэх гол багш нар гэдгийг харж болно. Мөн тэдний боловсрол, амжилтын нууцад 3 чухал зүйл байна.

1. Ном унших. Хэчнээн их ном уншсан ч ихэднэ гэж үгүй.

2. Эргэлзэж тээнэгэлзэж байгаа зүйлийнхээ талаар хэн нэгнээс асуух. Бусдаас асууж лавласнаар бүтээлч чадвар сайжирдаг.

3. Бие даасан байдал. Ямар нэгэн зүйлд өөрийгөө зоригжуулах чадвар болон алдаа гаргахаас айхгүй байх.

Эцэст нь хэлэхэд хий хоосон хүний мөрөөдөл амархан үгүй болдог боловч бодитоор биелүүлэх боломжтой зорилго нь эсрэгээрээ хүнд гайхалтай тэсвэр тэвчээр, хүч чадлыг өгч байдаг юм шүү.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet