Уншсан номын тэмдэглэл: “Сахар” — Шим тэжээл судлаач Л.Энхзул 2022.01.05

GaakiGaaki
3 min readJan 11, 2022

--

100 гаруй жилийн өмнө тансаг хэрэглээ байсан сахар өнөөдөр бидний өдөр тутмын хүнсэнд ямар нэг байдлаар агуулагдах болж, бид ч үүнийг анзаарахаа байж. Дэлхий дахинд нүүрлээд байгаа хэт таргалалт болон энэ эмгэгийн үндсэн шалтгаануудын нэг болох сахарын хэтэрсэн хэрэглээ юм. Бид архи, тамхинд л донтдог гэж үздэг бол сахар тэрнээс ч илүү чимээгүй тахал болсоор л байна. Чихэрлэг хүнс элбэгшсэн орчин үед хүнс тэжээлээ хэрхэн зохицуулан тэнцвэртэйгээр хэрэглэх тухай сэдвийг олон талаас харж энгийн байдлаар тайлбарласан энэхүү номоос би сахарын тухай мэдлэгийн хүрээгээ ч тэлээд авсандаа баяртай байна.

Чихрийн хорхойслоо ялж, тэнцвэртэй хооллохын тулд бид сэтгэл зүйгээ бэлдэх, чихэргүй хооллолтдоо дасах гэсэн 2 аргыг хэрэгжүүлэхэд болно. Би урьд нь газар дээр нь нэг бүтэн шоколад иддэг байсан нэгэн. Харин дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт миний амьдралд чухал хэрэгтэй гэдгийг ойлгон, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж эхэлснээс хойш, биед минь гарах өөрчлөлт бүрийг харах нь надад таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна түүнээсээ маш их урам зоригийг авч байгаа нь амьдралын хэв маягаа өөрчилсөнтэй минь холбоотой.

Одоо бол хааяа сүүтэй, хар, самартай гээд идэхийг хүссэн шоколад бүрийг бага хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд хамгийн чухал нь чихэрлэг зүйлсээс бүр татгалзах биш харин түүнийг тэнцвэртэйгээр, зохистой хэмжээнд нь хэрэглэх хэрэгтэй гэдгийг ойлгосон хэрэг юм. Бид ихэвчлэн дан ганц чихэрлэг зүйлст сахар байдаг гэсэн ойлголттой байдаг бол бусад хүнсний бүтээгдэхүүнд ч сахар их бага хэмжээгээр байдаг гэдгийг энэхүү номоос мөн адил унших болно.

Сэтгэл зүйн хамааралтай хооллолт, хүнстэй холбоотой буруу зуршлаа олж тогтоон, шинэ дадал хэвшүүлэх гээд хичээж буй надад яг цагаа олсон ном шиг санагдсан. Чихэрлэг ундаа, гурилан бүтээгдэхүүн, амттан сахарын хэрэглээгээ танан багасгаснаар тэнцвэртэй хооллож, эрүүл мэнд, гоо сайхнаа дэмжих сайхан боломж бүрийг мэдэх нь чухал биш гэж үү.

Энэхүү ном 5 бүлгээс бүрдэх болно. Үүнд:

1. Чихрийн тухай ойлголт,

2. Нэмэлт чихрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө,

3. Чихэр ба хүүхэд,

4. Чихрээ хэрхэн танах вэ?

5. Чихрийн тэнцвэрт хэрэглээ.

Мөн:

- Жингээ хэвийн хэмжээнд барих,

- Хэвлийн өөхлөлтийг багасгах,

- Бодисын солилцоогоо дэмжих,

- Чихэрлэг хүнсний донтолтоос ангижрах,

- Чихрийн шижин хэв шинж 2 өвчнөөс урьдчилан сэргийлэх,

- Нойроо сайжруулах,

- Хүүхдийн сахарын хэрэглээг бууруулах,

- Хүнсний нуугдмал сахарын хэмжээг олж тооцох,

- Сахар багатай амттан бэлтгэх,

- Сахар ба дэлхий нийтийн чиг хандлага зэрэг өргөн сэдэв багтсан юм.

Нэмэлт мэдээлэл: Биднийг зоогийн газар, ресторанд ороод тухлан суухад ширээн дээр сагстай талх авчирч тавьдаг. Хэрэв цусны глюкозын хэт савлуулахгүй байх талаас бодолцон үзвэл цагаан талх идэхээс өмнө байцааны салат, өөр төрөл бүрийн навчлаг салат зэргийг түрүүлж хэрэглсэний дараа энгийн нүүрс ус болох цагаан талх, пизза зэргийг хэрэглэхэд цусанд глюкоз болж очих хугацааг удаашруулж өгдөг байна.

Та нар маань өөрсдийгөө чихэрт донтсон эсэхээ сорьж үзэх боломжтой. Энэ нь 48 цагийн турш огт чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх. Үнэхээр онцгүй мэдрэмж төрж байвал та чихэрт донтсон гэсэн үг.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet