Уншсан номын тэмдэглэл: “Цусаа худалдсан тэмдэглэл” — Үй Хуа

GaakiGaaki
2 min readFeb 10, 2022

--

Мао-гийн соёлын хувьсгал нь Хятадын ард түмэнд өлсгөлөн авчирч, тэдгээр хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхээ амин зуулга, амь насыг нь өөрийн цусаа худалдаж залгуулагч эгэл жирийн нэгэн эрийн тухай энэхүү ном өгүүлэх болно. Өөрийн нэгэн үеийн амьдралыг цусаа худалдан авч явах эцгийн дүрээр тухай үеийн улс төр, ард түмэн, хөрш айлуудын хоорондоо харилцах өнгө аясыг харуулан бичсэн байна.

Хал нь гаднаа ч хайр нь дотроо эцэг хүний үр хүүхдээ гэсэн сэтгэл нь дусал цусаа ч юүлээд өгөхөд бэлэн байх, тэр агуу эцгийн хайрыг илэрхийлэн харуулсан нь үнэхээр гайхалтай. Нэг удаа цусаа худалдахад хагас жил газар тариалан дээр ажилсантай дүйцэхүйц мөнгө авдаг бөгөөд номын гол дүрийн эзэн болох Шү Сан Гуань тэдний амьдралд яаралтай мөнгө хэрэг болсон үедээ цусаа худалдаж тэрхүү хүнд хэцүү байдлыг давж гарч байсан юм. Гэвч цусаа өгнө гэдэг өөрийн хамаг тамир тэнхээ, хүч чадал, биеийн дулаанаа хүртэл алддаг тул хүсээд байх амар зүйл биш байлаа.

Цусаа өгөхийн өмнө 8 аяга ус ууж цусаа шингэлэвэл 2 аяга цус гардаг тул, цусаа өгөх бүрдээ давсгаа хагалах шахам ус ууна. Нэг удаа цусаа өгөөд 3 сар болсны дараа дахин цусаа өгөх боломжтой байдаг. Харин өөрийн мах цусны тасархай биш ч өсгөж өндийлгөж, хүний зэрэгтэй болгосон хамгийн том хүүгийнхээ эмчилгээний зардлын төлөө эцэг хүн өөрийн биеэ үл хайхран 10 хоногт 3 удаа дараалан цусаа худалдаж, өөрөөс нь гарч болох бүхий л тэсвэр тэвчээр, учрах хүндхэн даваануудыг хайхралгүй давж, эцэст нь өөрөө үхэлтэй нүүр тулгарах тэрхүү хэсгийг уншаад өөрийн эрхгүй й нүднээс минь нулимс дуслан уншсан юм.

Гэвч Шү Сан Гуань хэзээ ч өөрийнхөө төлөө цусаа худалдаж байгаагүй. Амьдрал ийм л байдаг, эцэг хүн үрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө ямар ч эрсдэлийг туулах чадвартай байдаг бөгөөд дэлхий дээрх бүхий л гайхалтай эцэг, эр нөхрүүдийн төлөөлөл болсон дүр юм.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet