Уншсан номын тэмдэглэл №12 — “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” /6 дансны арга/ — Зохиолч Г.Мөнгөн
Энэхүү номыг худалдаанд гарсан цагаас эхлэн авч уншихыг хүссэн хирнээ авмааргүй санагдсан юм. Яагаад вэ гэхээр мөнгө хадгалах тухай миний одоо хийж хэрэгжүүлдгээс илүү ихийг бичиж, түүнийг нь би уншиж бага зэрэг сэтгэл гутралд орох юм болов уу? Эсвэл миний хуримтлуулах арга барил үүнээс шал өөр байвал яанаа гэсэн айдас байсан юм.
Миний хувьд би дансны 3 аргатай нэгэн юм.
1 дэх нь мэдээж орлогын эх үүсвэр болох цалингийн харилцах данс
2 дахь нь сар бүрийн цалингаас хийдэг хадгаламжийн данс
3 дахь нь энэхүү номонд гарсанчлан “Зугаа цэнгэлийн данс” буюу хэрэгтэй үед хэрэглэж болох данс юм.
Би энэхүү номыг эсрэгээр нь бодож явсан болж таарав. Минийхтэй ерөнхийдөө ижил төстэй ч ажиллах механизм нь буруу болж таарлаа. Уншсан минь зөв болж бурхан минь.
Яахав хүн бүр 6 дансны аргатай байх албагүй ч ядаж надад 3 нь байгаа юм байна гэх бодлоор өөрийгөө зөвтгөж ч амжсан. Гэхдээ би 3 дансаа хооронд нь хольж хутган ёстой бантан зуурдаг гэдгээ мэдсэн бөгөөд данс хоорондоос нь зээл авч, дараа нь түүнийгээ нөхөн хийж, ёстой л нэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, санхүүгийн сахилга бат муутай нэгэн гэдгээ мэдэрсэн юм. Тухайн үедээ бусдаасаа сайн хадгаламж үүсгэн явж байгаа гэж өөрийгөө хуурсан л хэрэг байж.
Эхэндээ хадгаламжийн хугацаа дуусмагц аваад л хэрэгтэй хэрэггүй юманд үрээд дуусчихдаг байлаа. Эмэгтэй хүмүүс бид чинь бас л хэцүү шүү дээ. Гэхдээ үрснийхээ дараа яах гэж ийм юм хийвээ гэж шаналах энүүхэнд. Дараа нь харин бодитой, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн хэрэгжүүлэх санхүүгийн гол эх үүсвэр хадгаламжаа захиран зарцуулсан хэрэг юм. Энэ нь амьдралдаа анх удаа бичсэн номондоо хөрөнгө оруулалт хийж, хэвлүүлсэн явдал байлаа. Түүндээ ч одоо сэтгэл хангалуун явна.
Саяхан уг номын зохиолч Г.Мөнгөнтэй ажил хэргийн шугамаар уулзах завшаан олдож төв “Интерном” дэлгүүрийн гадаа уулзсан юм. Номыг нь авч унших эсэхээ шийдээгүй явсан би зохиолчтой нь уулзаж, цуг зурагаа ч даруулж амжсан. Яг тэрхүү өдөр ажлын газрын хүнээсээ уг номыг бэлгэнд авч номыг эргүүлэн тойруулан үзвээс хэрэгтэй зүйл их байсан тул шууд унших хүсэл төрлөө.
Яг одоогийн байдлаар надад санхүүгийн сахилга бат маш хэрэгтэй, бүсээ чангалах үе дээрээ байна. Хийж бүтээх маш олон зүйл байгаа тул энэ номыг уншихаар эрс шулуудан ном авсан өдрөөс хойш нэг хоногийн дараа ердөө 6-хан цагийн дотор л уншиж дуусгасан. Ер нь ном унших дуртайг ч хэлэх үү, уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх дуртайг ч хэлэх үү. Надад маш тааламжтай сайхан байсан.
Хүн ямагт өөртөө тодорхой зорилгуудыг тавьж түүндээ хүрэхийн төлөө ямар ч саад бэрхшээлийг даван гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх л хамгийн чухал. Хүний амьдралд юу ч тохиолдож болох ба тэрхүү тохиолдож болох эрсдэл бүрд бэлэн байж санхүүгийн сахилга бат+тууштай байдал+шаргуу хөдөлмөр 3-ыг жанжин шугамаа болгож амьдрах гээд үзвэл ямар вэ?
Тиймээс Та бүхэн минь ч гэсэн өөрийн амьдралын туршлагаас сэдэвлэсэн бодит сургамжтай жишээнүүдээр дүүрэн энэхүү номыг сонирхон, шимтэн уншиж, амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. Би ч мөн адил өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх болно.
Амьдрал баялаг.
Амжилт хүсье.