Уншсан номын тэмдэглэл №13 “Чонын алтан шагай” роман Д.Цэнджав.

GaakiGaaki
3 min readNov 11, 2020

--

МЗЭ-ийн олон Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Цэнджавын 11 жилийн өмнө бичсэн энэхүү онц сонирхолтой романы хэсгийг тухайн үеийн “Өнөөдөр” сонинд нийтлүүлж олон зуун уншигчдад хүрч улмаар уншигчдын хүсэлтээр ном болгон хэвлүүлж байсан тухай романы өмнөтгөл хэсгээс уншаад тухайн үеийн зохиолчийн сэтгэлгээ, дүрслэл ямар байдаг тухай, мөн одоогийн зохиолчдоос хэр ялгаатай бичсэн эсэхийг олж уншихын хүслэн болж 7 хоногийн өмнө уншиж эхэлсэн нь энэ юм.

Романыг уншиж эхлээд л би аль хэдийнээ зохиолдоо гүн орж, гол дүрийн баатруудыг дотроо төсөөлөн, ургуулан бодсон. Зохиолч тухайн орчин үеийн амьдралыг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал энгийн оновчтой үг хэллэгээр илэрхийлсэн нь романыг уншихад надад маш таатай байсан.

Зохиолын баатрууд яг л одоо ч гэсэн бидний дунд оршин байж байгаа. 11 жилийн өмнөх амьдрал бага зэрэг одоогийнхоос ялгаатай ч надад бол одоо ч гэсэн адил зүйлс олон үлдсэн гэж бодож байна. Мэдээж тэр үеэс сайжирсан байх.

Гол дүрийн баатар болох Мөнхнар хүү шиг зоригтой, туйлбартай, үнэнч шударга, хэрсүү, үндсэрхэг үзэлтэй хүүхдүүд одоо ч Монголд маань олноороо байгаа гэдэгт итгэлтэй байдаг шүү.

Зохиолын тухай товчхон хүүрнэвэл:

Маш сайхан амьдардаг хос хоёр болох Хүрлээ, Саруул нь Мөнхнар хэмээх ганц хүүтэйгээ дутагдах гачигдах зүйлгүй амьдардаг ба гудамжаар зөрөх хүмүүс эргэж харахгүй байж чадамгүй тийм л сайхан гэр бүл. Хаанаас нь ч харсан аз жаргалтай тэдний амьдралд атаархсан олон дундаас Хүрлээгийн хамт ажилладаг нягтлан бодогч Пагам хүүхэн, түүний 10 жилийн найзыг өөртөө урвуулан тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ.

Аз жаргалтай, элэг бүтэн амьдрал нэг л өглөө дуусаж, Саруул, Мөннар 2 орчлонд хоёулхнаа үлдэнэ. Аавыгаа, ханыгаа амиа хорлох хэмжээний хүн биш, амьдралд тэр тусмаа хүү, эхнэр хоёртоо амиа өгөхөөс ч буцахгүй хайртай аавынхаа үхлийн шалтгааныг олохоор их замд Мөнхнар гарна. Тэрхүү хэргийн мөрөөр орох явцдаа саад бэрхшээл, зовлон гуниг бүхэнтэй нүүр тулж, амьдралд гэгээ оруулдаг сайхан сэтгэлтэй, харыг цагаанаар гэрэлтүүлж байдаг хүмүүстэй ч учирна. Зохиолчын ингэж харыг цагаан болгодог гэгээлэг дүрүүдийг оруулснаар зохиолыг улам шимтэн уншихад хүргэсэн юм.

Эцэст нь бүх учир шалтгааныг олж, энх тунх, аз жаргалтай амьдрал байдаг гэдгийг ч харуулах болно. Та нар минь энэхүү романыг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. Одоогоос 15–20 жилийн өмнө траншейний гэх тодотголтой хүүхдүүд Монголд маш их байсан. Энэхүү зохиолд тэрхүү хүүхдүүдийн амьдралын эрээн бараан, амьдралын төлөөх тэмцэл, хулгай дээрэм, харгислал зэргийг маш тодоор дүрслэн харуулсан нь надад буцаад 10 жилийн өмнө очсон шиг санагдсан. Учир нь Монголын төмөр зам хүрэх газар бүр, тэр тусмаа вокзал, орц хонгилуудаар тэдгээр хүүхдүүд хэсүүчлэн амьдардаг байсныг бид мартаагүй. Одоо тэд бүгд эрийн цээнд хүрч амьдралд хөл алдахгүй яваа байх гэж бодон уншин суусан.

Зохиолч зохиолын гол санаагаа хүний ярьж өгсөн амьдралаас сэдэвлэн зохиол болгосон тухайг би олж уншсан юм. Тэгэхээр бидний амьдрал бүр ямар нэгэн зохиол тул бид амьдралд хайртай, бие биендээ тустай, хүнд муу саналгүй, үргэлж өөдрөг, өөртөө итгэлтэй, зүтгэлтэй амьдрахыг та нартаа мөн уриалж байна.

Ингээд та нар минь энэхүү зохиолоос тухайн үеийн амьдралын гашуун сургамж, бас баяр бахдалыг олж уншина гэдэгт итгэлтэй байна. Мөн та бүгдийг буцаагаад 11 жилийн өмнөх амьдрал уу оруулах болно.

Та бэлэн үү?

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet