Уншсан номын тэмдэглэл №5 “Өөдөө тэмүүл” Шейрил Сандберг

GaakiGaaki
3 min readSep 16, 2020

--

Фейсбүүк компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал /COO/ Шейрил Сандбергийн 2013 онд гаргасан “Өөдөө тэмүүл“ хэмээх ном нь эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн, хамт олноо манлайлах чадвар хүн бүрд бий, гагцхүү түүндээ эргэлзэхгүйгээр үргэлж өөдөө тэмүүлэх тухай урмын үгс, олон жишээ баримтыг нарийн тооцоолон гаргасан бүтээл юм. Мөн өнөө үеийн яригдах болсон гол асуудлын нэг ажлын байрны жендерийн эрх тэгш байдлын тухай “Google”, “Facebook” компанийн жишээ дээр тулгуурлан бичсэн нь надад маш их таалагдсан юм.

Зөвхөн эмэгтэйчүүдэд чиглэсэн ч гэж хэлж бас болохгүй зүйл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь нийгмийн бүхий л түвшинд “Лидер” байх ойлголт юм. Удирдах түвшний бүхий л хүмүүс байгууллагынхаа ажилтнуудын жендерийн асуудал дээр анхаарлаа хандуулах дохиог ч өгсөн гэж бодож байна. Албан тушаалд зөвхөн эрчүүд илүү хурдан дэвшдэг гэдэг ойлголт өнөөдөр монголд ч байгаа. Энэхүү ойлголтыг эвдэх эрх эмэгтэйчүүдэд бидэнд бий. Тэрхүү гацаагч гадаад, дотоод хүчин зүйлийг л олох хэрэгтэй.

Олон чадварлаг эмэгтэйчүүд нийгмийн бэрхшээлүүдийг даван, удирдах түвшинд гарахаар хамаг байдгаараа хичээж байгаа нь ч нууц биш. Эмэгтэйчүүдэд тулгардаг гол бэрхшээл бол айдас. Айдасгүй бол эмэгтэйчүүд ажлын амжилт гарган, амьдралдаа сэтгэл хангалуун байх бүрэн боломжтой.

Эмэгтэйчүүд бол нэгэн зэрэг бүх ажлыг хийх чадвартай гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тэд гэр бүл, ажил, карьер зэргээ 50/50 хувийн оролцоотойгоор зохион байгуулж чадах л хүмүүс. Нөгөө талаас харахаар ажил ажил гэсээр гэр бүлээ орхигдуулах, гэр бүл гэр бүл гэсээр байгаад ажил карьераа үгүй хийх гээд олон сонголттой тулгардаг хэдий ч эдгээрийг зохицуулан чадварлагаар удирдаж чаддаг.

Эмэгтэй хүн заавал гэрт сууж хүүхдүүдээ харах, эрэгтэй хүн заавал ажил хийж мөнгө олж гэр бүлээ тэжээх гэсэн хэвшмэл ойлголтоос салж гэр бүлийн эрх тэгш байдал, ажил үүргийн тэгш хуваарьтай эцэг эхчүүдийн хүүхдүүд зөв дадал хэвшилтэй хүн болж өсөхөд нь чухал байр суурийг эзэлдэг гэдэгтэй би санал нэгтэй байдаг.

Иймд эмэгтэйчүүдийн манлайлал, хүсэл зориг нэмэгдэж, ажил дээрээ олон эмэгтэйчүүд удирдах түвшинд хүрч, нийгэмд эзлэх байр суурь, идэвх оролцоогоо улам бүр нэмэгдүүлээсэй гэж би хүсэж байна.

Номоос таалагдсан ишлэлүүд:

o Ажил амьдралын тэнцвэрийг олох,

o Би юунаас ч айдаггүй сэн бол чухам юу хийх байсан бэ?

o Хэтийн мөрөөдөл ба 18 сарын хугацаатай төлөвлөгөө гаргах,

o Халамжтай аавтай хүүхдүүд сэтгэл зүйн хувьд болон танин мэдэхүйн чадвараараа илүү байдаг.

o Төгс байх гэж тэмүүлснээс хийж л байвал дээр,

o Эмэгтэйчүүдийн удирдах түвшинд хүрэхэд саад болдог зүйлсийн нэг эрх мэдэлд хэдийнээ хүрчихсэн эмэгтэйчүүд байдаг.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet