Уншсан номын тэмдэглэл №9 — “Бүсгүй минь уучлалт гуйхаа боль” 2020.03.11, “Бүсгүй минь нүүрээ угаа” 2020.06.10 /Рейчел Холлис/.
Миний 2020.03.11, 2020.06.10-ны өдрүүдэд уншиж байсан энэхүү 2 ном нь надад өөртөө итгэх итгэл, аливаа зүйлд тууштай, өөрийгөө гололгүйгээр мөрөөдөлдөө хүрч чаддаг байх тухай зэрэг олон ойлголтыг өгч, маш их эрч хүч, урам зоригийг би олж авсан юм. Би хувь хүний хөгжилтэй холбоотой номыг түлхүү унших дуртай. Тиймдээ ч анх удаа хувь хүний хөгжилтэй холбоотой ном өөрөө бичсэн юм. Тухайн үедээ би энэхүү 2 номыг нэг өдөр л шимтэн уншиж дуусгасан.
Номын зохиолч Рейчел Холлис бол 4 хүүхдийн ээж, бизнесийн шилдэг подкаст хөтлөгч, олон нийтийн сүлжээний хатан хаан, шилдэг илтгэгчийн нэг тэрээр номондоо эмэгтэйчүүд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй тухай болон бүхий л бүсгүйчүүдийн дунд тохиолддог хүчтэй, зоримог, тууштай байдлыг хэрхэн бий болгох тухай дурдсан юм. Мөн хүн сэтгэл зүйгээ зөв удирдан өөрийгөө ямагт ялан дийлж байх чадвар, эмэгтэйчүүдийн чин хүсэл болох турах процессийг бодит байдалтай нийцүүлэн бичсэн нь үнэхээр их таалагдсан. Энэхүү 2 ном нь төрөл жанрын хувьд адилхан.
Номыг унших явцад би өөртөө сайн зан авирыг төлөвшүүлэх, амьдралд тохиолддог саад бэрхшээл бүрээс хэрхэн ангижрах, ирээдүйн эхнэр, ээж болоход минь шаардлагатай, мэдэж байх хэрэгтэй зүйлсийн талаарх нарийн ойлголтуудыг олж авсан.
Эмэгтэйчүүд бид хэн байхаа өөрийнхөө бус харин бусдын үнэлэмжээр тогтоодог. Тэгвэл тийм байдал нэгэнт үгүй болж бид өөрсдийн замаар, хамгийн сайнаараа явах боломжтой гэдгийг зааж харуулж өгсөн. Жижиг тосгоноос гаралтай, амьдралын хүнд хэцүү давааг даван туулж, өнөөдрийн энэхүү өндөрлөгт хүрсэн түүхээ ч мөн адил хуваалцсан ном билээ.
Бусад хүн юу гэж бодох бол гэсэн санаа зовнилыг бид бүр мөсөн мартах хэрэгтэй ба зүгээр л мөрөөдөж, хүсэж буй зүйлийнхээ араас тууштайгаар явах боломжтой гэдгийг дэлгэн харуулсан.
Миний бодлоор бид элдэв шалтаг шалтгаан тоочилгүйгээр хүсэл мөрөөдлөө хүлээн зөвшөөрч, түүндээ хэмжээ хязгаар тогтоож, амьдралдаа итгэх итгэл олж авах нь хамгийн чухал зүйл. Амьдралынхаа туршид бусдад таалагдах гэж ирсэн хандлагаа бүгдээрээ таягдан хаяцгаая.
Номоос таалагдсан ишлэлүүд:
1. Бусад хүмүүст таалагдах гэж аливаа зүйлийг хийх хэрэггүй, зөвхөн өөртөө итгэлтэй бай.
2. Бид тархиныхаа зөвхөн 10%-ийг ашигладаг.
3. Бусад хүмүүсийн бодол огт хамаагүй. /БХБ/
4. Амбиц бол “Ямар нэгэн зүйлд хүрэх гэсэн хүчирхэг хүсэл тэмүүлэл, тууштай байдал, шаргуу хөдөлмөр юм”
5. Амбиц гэж өөрөө өөртөө ментор болохыг хэлнэ.