Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой зүйлс. /Дорноговь аймаг, Сайншанд хот/
Миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Тиймээ тэр дундаа Дорноговь аймаг бол миний төрсөн нутаг. Би “Ханбаянзүрх хайрхан”-ы өвөрт мэндэлсэн юм. Намайг Дорноговийнх гэхээр хүмүүс “Энергийн төв”, “Хамрын хийд”-ийн тухай их асуудаг. Тиймээс та нартаа зориулан хамрын хийд рүү явахаасаа өмнө мэдвэл зохих хэдэн мэдээллийг нэгтгэн оруулж байна. Хүлээн авна уу.
Дорноговь аймаг бол Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот. Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн газар юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хүн байсан юм.
Дорноговь аймаг нь хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг.
Хамрын хийд нь Дорноговь аймгийн Өргөн сумийн нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийдийн нэг юм.
Хийдийг 1821 онд байгуулж эхэлсэн бөгөөд энэ хийд нь Зүүн Хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхорын гэсэн дөрвөн хэсэгтэй ихэнх нь төвд, монгол хийцийн сүм дугануудтай бүтээгдсэн. Зүүн хүрээнд ноён хутагт голлон сууж асан ба энд Лавран сүм, Агва дацан, хүүхдийн дацан, сургууль номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан.
Хийдэд Монголд хамгийн анхны дуут жүжгийг тоглосон бөгөөд Данзанравжаагийн зохиосон “Саран хөхөөний намтар” жүжгийг тоглодог задгай театр байсан юм.
Ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд Шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч бөгөөд эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу “Энергийн төв”-ийг зорин ирдэг гадаад, дотоодын жуулчид олон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн олширсоор л байна. Ингээд Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой хэдэн зүйлийг хүргэж байна.
Үүнд:
1. Улаанбаатараас 521 км зайд оршдог.
2. Галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 07:30, 20:58 зэрэг минутад хөдөлдөг.
3. Галт тэрэгний билетийн үнэ: Ангиллаасаа хамааран өөр өөр байдаг. Та бүхэндээ хялбар болгох үүднээс холбогдох линкийг оруулж байна. Билет захиалга онлайн хэлбэрт шилжсэн шүү дээ. J
https://eticket.ubtz.mn/search
4. Сайншандын вокзалаас “Хамрын хийд”-рүү микро болон хувийн жижиг тэрэг байнга явдаг.
5. “Шамбалын орон”-д нар мандахтай зэрэгцэн очвол нэн сайн.
6. “Сакура” цэцэг нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэд дэлгэрдэг.
7. Хавар очвол Салхи, шуурга ихтэй учир бие ил задгай гарсан хувцас тийм ч тохиромжтой бус. Харин зуны улиралд маш халуун байдаг тул нимгэн хувцас тохиромжтой.
8. Сайншанд хотод зочид буудлын нэг өрөөнд хоноход дунджаар 60–70 мянга төгрөг төлдөг. Хамрын хийдийн ойролцоох гэр буудлын үнэ 50–70 мянган төгрөг.
9. Дараах маршрутаар зан үйл хийнэ: Мөөм овоо — Шамбалын орон руу явах зам — Энх тайвны хонх — Хилэнцийг арилгах Алтан хаалга — Бирдийн ходоод — Сэржим өргөх талбай — Суварга-Алтангавал овоо — Бясалгалын агуй — Эхийн умай — Ноён хутагтын сэнтий — Хүслийн уул буюу Ханбаянзүрх хайрхан.
10. Авч явбал зохих зүйлс: Сэржим өргөх архи, сүү, шар будаа, тавгийн идээ, арц, хүж гэх мэт.