Хэрхэн блог бичих вэ?

GaakiGaaki
3 min readNov 28, 2021

--

Үнэндээ бичнэ гэдэг минийхээр тийм ч амархан ажил биш л дээ. Тодорхой нэг цаг хугацаанд хүч хөдөлмөр, анхаарал төвлөрөл ихээр шаардаж, бодол санаагаа цэгцтэй байлгах хэрэг гарна. Тэр бүү хэл бичих үйл явцад тухтай орчин хамгийн чухал гэж боддог. Өөрт тохирсон орчинг бүрдүүлж, тухлан сууж бичих ч бас жаргал шүү. Заримдаа бичмээр санагдсан ч онгод орохгүй үе гэж байнаа. Заримдаа юу ч хиймээргүй залхуурах үе ч байна. Заримдаа маш олон санаа төрсөн ч түүнийгээ хэрхэн цэгцтэйгээр цаасан дээр буулгахаа мэдэхгүй холион бантан болох үе ч гарна. Бичнэ гэдэг өөрөө хүнээс маш их энерги шаарддаг.

Мөн тухайн өдрийн эхлэл маш чухал. Зарим хүмүүс гунигласан үедээ илүү бичмээр санагддаг гэдэг бол миний хувьд би өөрөө аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун, амар тайван үедээ илүү бичих хүсэл төрдөг. Өнөөдөр би энэхүү блогийг бичих болсон шалтгаан гэвэл өглөө маш тайван, маш их энергиэр дүүрэн сэрж, өөрөө өөрийгөө бичих хүсэлдээ хөтөлсөн юм. Тиймээс анхлан бичих гэж байгаа болон бичих үйл явцаа сэргээн бичих гэж буй хэн бүхэнд зориулан дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Шалтаг тоочилгүй бичих. Энэ бол маш чухал. Би ч өөрөө эхэндээ ийм л байсан. Харин бичих дадлыг өөртөө хэвшүүлснээр энэ асуудал ангижирсан гэхэд болно. Тодорхой нэгэн санаа орж ирсэн үедээ дэвтэр дээрээ эсвэл утасны ноте дээрээ тэмдэглэн авч, дараа нь цаасан дээр буулгадаг гэсэн үг.

Шалтаг №1. “Би маш завгүй” Энэ их гоё үг. Завгүй байна гэдэг сайхан л даа. Гэхдээ завгүй гэх тодотголоор өөрийн хийх хүслээ дарна гэдэг тийм ч сайхан зүйл биш. Бараг ихэнх хүмүүс завгүй гэх үгээр хийхийг хүссэн зүйлсээ байнга хойш тавьдаг. Тиймээс энэ шалтгаас өөрийгөө чөлөөлж, өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж эхэлье.

Шалтаг №2. Хэн ч миний бичсэн блогийг уншихгүй бол яаанаа. Угаасаа хэн ч уншихгүй. Эхлээд таны блог хүмүүст хүртлээ тодорхой цаг хугацааг шаардах болно. Өнөөдөр блог бичээд л маргаашаас таны блог амжилттай болно гэж бодож байвал эндүүрэл. Үнэхээр л та хүмүүсийн сонирхлыг татахуйц, шинэлэг содон гайхалтай блог бичсэн бол байж болноо. Гэхдээ хэдүүлээ эхлэн бичиж байгаа гэдгээ мартаж болохгүй. Мөн аливаа зүйлд цаг хугацаа гэж зүйл хэрэгтэй шүү. Зөвхөн өөрийн үзэл бодлоо интернетэд хадгалан үлдээж буйгаар бодох хэрэггүй.

Шалтаг №3. Хүмүүс намайг юу гэж бодох бол. Юу гэж ч бодсон яахав дээ. Та л өөрөө өөртөө сэтгэл хангалуун, бичих явцдаа урам зоригтой байгаа бол болох нь тэр. Хүн бүрд таалагдах хүслээ хаяад өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйл чинь чухам юу вэ гэдгээ бодсон дээр.

Ингээд хэрхэн блог бичих тухай товчхон, тодорхой мэдээллийг хүргэе.

1. Эхлэл хэсэг:

Эхлэл хэсэг маш чухал. Эхлээд үүнд блогийн гарчиг орно. Хүн хамгийн уртдаа 8 секунд анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. Тэгэхээр эхний 8 секунд хүний анхаарлыг татах хэрэгтэй болох нь. Тэгвэл блогийн гарчгаар хүмүүсийг анхаарлыг татах гээд үзье. Харин хэрхэн гарчгаа сонгох сонголтыг танд өөрт тань үлдээе.

2. Сэдэв:

Ямар сэдвээр бичих вэ? гэдэг маш чухал. Нийтлэл бүрээ хүмүүст хүртээмжтэй, сонирхолтой, ойлгомжтой бичихийг хичээгээрэй. Энэ нь мэдээж амаргүй ч өөрийн сайн мэддэг, чаддаг зүйлс дээрээ тулгруулан бичиж болно.

3. Өөрийн үзэл бодол:

Өөрийн үзэл бодол дээрээ тулгуурлан бичих хэрэгтэй. Уншигчдад таны үзэл бодол хэзээд сонирхолтой байх болно. Блогоо товч бөгөөд тодорхой, бас жаахан хачир нэмж болно. Мэдээж үг үсгийн алдаагүй, найруулга зүй дээрээ анхаарах хэрэгтэй. Учир нь түүгээр л уншигчид таныг дүгнэх болно гэдгийг мартах хэрэггүй.

4. Шинэ санаа:

Зураг, видео зэргээр блогоо баяжуулах бүрэн боломжтой. Зураггүй дан бичвэр хүмүүсийг сонирхлыг нэг их татахгүй, таны блогийг хайхрахгүй.

5. Тууштай бай:

Блог хөтлөхөд асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг. Миний хувьд л гэхэд нэг блог бичихэд 1–2 хоног зарцуулдаг.

6. Төгсгөл хэсэг:

Төгсгөл хамгийн чухал. Хүмүүсийг ямар нэгэн үйлдэл хийхэд уриалан дуудах хэрэгтэй. Тэднийг сэдэлжүүлж, тэдэнд урам зориг өгөх үсгийг хайр гамгүй өгөх хэрэгтэй. Нэг нэгийгээ урмаар тэтгэж, үйлдлээрээ баярлуулж чадахгүй юмаа гэхэд үгээрээ нэг нэгнээ баярлуулцгаая.

Ингээд Та нартаа амжилт хүсье.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet