Хэрхэн тэмдэглэл хөтлөх вэ?

GaakiGaaki
4 min readDec 11, 2020

--

Би өөрт чухал гэж санагдсан зүйлсийг байнга тэмдэглэж авдаг. Тухайн мөчид л сонсоод, уншаад, хараад, бодогдоод мартах байсан шинэ санаа, мэдээ мэдээлэл, асуултуудыг авч үлдэх боломжтой зүйл бол бичиж тэмдэглэх гэж боддог. Миний тэмдэглэл надад 7 хоног, 1 сар, 1 жилийн өмнөх үе рүү буцаан аваачиж, сануулдаг. Бичсэн тэмдэглэл маань надад олон удаа хэрэг болж байсан. 7 хоногийн дараа уулзах уулзалт, 1 сарын дараа хийх ажил, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргахад хүртэл байнга хэрэг болдог.

Аливаа тэмдэглэлийг хөтөлснөөр хүний бүтээлч байдал илүү нэмэгддэг. Миний байнга хийдэг зүйл бол тэмдэглэл хөтлөхдөө нэг өнгийн балаар бичих биш, харин өөр өөр өнгийн бал ашиглаж түүндээ төвлөрч суух дуртай. Ингэснээр бүтээлч байдал бий болж, бусад зүйлд санаа зовохгүй, ямарваа нэг үүссэн стрессийг багасгаж, тайвшрлыг өгдөг юм.

Хүн бүрд тэмдэглэл хөтлөх өөрийн гэсэн арга барил байдаг. Магадгүй та аль хэдийн маш сайн тэмдэглэл хөтөлдөг нэгэн байж болно. Эсвэл одооноос эхлэн тэмдэглэл хөтлөх хүсэлтэй ч хүн байж болно. Тэгвэл би та бүхэнд хэрхэн үр ашигтайгаар, эмх цэгцтэйгээр тэмдэглэл хөтлөх 8 алхмыг хүргэх болно. Үүнд:

1. Бэлтгэлийн үйл явц:

Тэмдэглэл хөтлөхтэй холбоотой бүх хэрэгслээ бэлэн байлгах. Аливаа хурал, уулзалт, семинарын үед чухал мэдээ мэдээлэл, үүрэг даалгаврыг бичиж тэмдэглэхийн тулд танд тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал гэх мэт зүйлс хэрэг болно. Эсвэл та компьютер, гар утас дээрээ тэмдэглэл хийдэг бол тэднийгээ сайтар цэнэглэсэн эсэхээ шалгах, мөн та хараа муутай бол харааны шилээ авах хэрэгтэй гэх мэт. Учир нь тухайн хурал, уулзалтын үеэрх слайд, самбар дээрх бичсэн зүйлсийг харахгүйд хүрэх болно. Тиймээс танд тухайн үед хэрэг болох бүхий л зүйлсээ бэлэн байлгах хэрэгтэй.

2. Сонсогч байх:

Идэвхтэй сонсогч байх хэрэгтэй. Тэмдэглэл хөтлөхдөө хэлсэн үг бүрийг тэмдэглэх ёстой гэж бодон алдаа гаргадаг. Харин түүний оронд тухайн яригдаж байгаа зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэн, дараа нь ойлгохгүй зүйл гарвал асуух хэрэгтэй.

3. Асуулт асуухаас бүү ай:

Мэдээж тухайн сэдвийн хүрээнд ойлгохгүй зүйл гарвал асуух хэрэгтэй. Тухайн яриа дуусмагц тохиромжтой үеийг ашиглан асуултаа асуугаарай. Өөрт хэрэгтэй, цаашид судлах зүйлсийг сайтар тэмдэглэн авч үлдэх хэрэгтэй шүү дээ.

4. Гараар тэмдэглэл хөтөл:

Хэдийгээр олон хүн компьютер, гар утас, таблет зэргийг ашиглан тэмдэглэл хөтөлдөг ч гараар бичсэн тэмдэглэл нь хүний тархинд илүү хадгалагдаж үлддэг.

5. Түлхүүр үгс ашиглах:

Тэмдэглэл хөтлөх чадвараа дээшлүүлэхийн тулд хийж болох хамгийн чухал зүйл бол зөвхөн гол түлхүүр үгсийг тодорхойлох. Тухайн сэдвийн хүрээнд яригдаж байгаа хамааралтай үгсийг бичих. Бид тэрхүү хурал, уулзалт, семинараас ямар нэг зүйл сурч мэдэхийн тулд тэмдэглэл хөтөлж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Урьд өмнө нь мэддэг, сонссон зүйлсээ дахин бичиж цаг алдахгүйгээр, өмнө нь огт сонсож байгаагүй, мэддэггүй байсан шинэ мэдээллээ бичихэд хамаг анхаарлаа төвлөрүүлснээр таны тэмдэглэл илүү ач холбогдолтой байх болно.

6. Товчлол үгс ашиглах:

Товчлосон үгсийг ашиглах нь таны цагийг хэмнэх болно. Дунджаар хүн секундэд 1/3 үг бичдэг бол, дундаж ярьдаг илтгэгч секундэд 2/3 үгээр ярьдаг байна. Тиймээс үр дүнтэй тэмдэглэхийн тулд байнга хэрэглэгддэг үгсийг товчлоод бичих хэрэгтэй. Жишээ нь — Жнь: /Үйл ажиллагаа гэдэг үгийг Ү/А, Зохион байгуулалт гэдэг үгийг З/Б, г.м/

7. Тэмдэглэлээ эмх цэгцтэй, бүтээлчээр хийх:

Таны тэмдэглэл замбараагүй, эмх цэгцгүй, уншихад бэрх бол буцаж нөгөөх хурал, уулзалт, семинараа санах хэрэгтэй болно. Тэгж толгойгоо гашилгахгүйн тулд бичиж эхлэхээсээ өмнө бүгдийг бэлэн болгож, дэвтрийнхээ шинэ хуудас нээж бэлдээрэй. Мөн баруун дээд буланд огноог бичих хэрэгтэй. Болж өгвөл эхэлсэн, дууссан цагаа ч тэмдэглэж болно. Хамгийн гол нь эмх цэгцтэй бичих, бичсэн зүйлийнхээ талаар илүү дэлгэрүүлэхийг хүсвэл хажууд нь хоосон зай үлдээж болно. Бичиж тэмдэглэхдээ график, хүснэгт, диаграмм зэргийг ашиглаж болно. Мөн тэмдэглэлээ илүү сонирхолтой байлгахын тулд өнгийн бал ашиглах нь таны тархийг бүтээл байдлаар өдөөж өгөх болно.

8. Бичсэн тэмдэглэлээ эргэн харж, хянах:

Бичиж тэмдэглэсэн зүйлээ эргэн харж хянах нь мэдээллийг илүү үр дүнтэй хадгалахад туслах болно. Та бичсэн зүйлээ нарийн судлах шаардлагагүй бөгөөд хэдэн минут эргэн эхнээс нь уншихад болно. Унших явцад орхигдсон бусад мэдээллүүд сэргэдэг юм шүү. Тухайн тэмдэглэлээ хадгалж үлдэх нэг арга бол хуудасны доод хэсэгт тэмдэглэлд агуулагдсан мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх явдал юм.

Ингээд таны тэмдэглэл хөтлөх их ажилд тань амжилт хүсье.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet