Өөрийгөө урамшуул.
Амьдрал биднийг олон зүйлээр байнга сорьж, шалгаж байдаг. Тухайн шалгуур нь хэцүү санагдаж, сэтгэлээр унах, гутрах гээд л яг л давлагаа шиг санагддаг. Эсвэл бүр эсрэгээрээ мандан цэцэглэж, дээш өгссөнөөр байх үе ч бий. Ямар ч зүйлд оргил гэж байдаг шиг, бидний амьдрал ч өгсөж, уруудах үе бишгүй.
Цаг хугацааны явцад ямар ч зүйл болсон бай түүнийг даван туулж болох олон арга байдаг. Их бага гэлтгүй амьдралын олон саад бэрхшээлийг өөрийнхөө хэмжээнд даван туулах энгийн хэдэн алхмууд ч байдаг. Миний хувьд би ажил үйлс бүтсэн, аз жаргалтай, сэтгэл санаа өөдрөг үедээ өөрийгөө байнга жижиг гэлтгүй урамшуулдаг.
Урамшуулал гэхээр том зүйлийг бодолгүй, өөртөө хэрэгтэй, өөрийнхөө дуртай зүйлээр урамшуулж болно. Жишээ нь: Унших дуртай номоо худалдан авах, дэлгүүр хэсэх, гоо сайханд орох гээд л эмэгтэйчүүд бидний хэрэглээ ямар мундах биш дээ.
Тэгвэл сэтгэл гутралд орсон, ажил үйлс бүтэмжгүй байвал өөртэйгөө чанга ярьж, хөгжим сонсож ч болно. Ингэснээр таны сэтгэл санаа өөдрөг болж, болж бүтэхгүй зүйлээ арай өөдрөгөөр харах болно.
Магадгүй та чухал зүйлийн ард гарч, эсвэл хувцасны шүүгээгээ эмхлэн цэгцэлсэн ч юм уу, өөрийнхөө хэмжээнд аливааг хийж бүтээсэн л бол өөрийгөө дуртай зүйлээрээ урамшуулж, эрхлүүлж байгаарай.
Өөрийгөө урамшуулах хамгийн чухал зүйлийн нэг бол яахын араггүй зорилгоо нягт нарийн тодорхойлох юм. Зорилгоо тодорхойлсноор учирч болох бүх зүйлс болон таны ирээдүйд хийх бүхэн ямар ч саадгүй бүтэх нь гарцаагүй.
Зөвхөн өөрийн зорилгодоо хүрэх ёстой биш, харин тэрхүү зорилгоо хүсэл мөрөөдөл болгон тэмүүлэх хэрэгтэй юм.
Иймд өөртөө хайртай байж, өөрийгөө хурцалж, өөрийгөө байнга урамшуулж байгаарай.