Аяллын тэмдэглэл-1
Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө нэгэн аяллын компани сонгон УБ-аас Дархан-Эрдэнэт-Булган-Хөвсгөл чиглэлд 3 шөнө 4 өдрийн Хөвсгөл далайн аялалд гарсан юм.
Дарханы зам муу дээрээс нь бороо орсон тул бид бүхэл бүтэн 24 цаг явж Хөвсгөлд ирлээ. Тэнгэр хурмаст хур бороогоо зогсоож, далай ээж биднийгээ тосон авч, нар ээсэн өдрүүд эхэлсэн юм. 27 хүний бүрэлдэхүүнтэй аялал маань маш хурдан, бас адал явдал дүүрэн өнгөрсөн юм. Миний бие анх удаагаа Монголдоо аяллын компани сонгон үйлчлүүлж үзсэн ба сэтгэгдэл маш өндөр байлаа. Ихэнх хувиараа аялалд явж буй хүмүүс өөрсдөө хоол цайгаа хийж, юу үзэхийг хүссэн зүйлээ үзэж замдаа явдаг ч гэсэн надад бол аяллын компаниар явах нь илүү их таалагдсан. Цаанаасаа маршруттай, бэлэн хоолтой, хөтөчтэй гээд хүн юу хүснэ тэр болгон л байсан. Хамгийн чухал зүйл бол хөтөч байсан юм. Биднийг авч явсан хөтөч ахыг Төмөр гэдэг. Их наргианч нүдээрээ инээсэн ах байсан. Явсан газар бүрийнхээ түүхийг бидэнд ярьж, биднийг хөгжөөж, аяллын турш адал явдлаар дүүрэн өнгөрүүлсэн.
Хөвсгөлд УБ-ын бараг бүх хүн ирсэн гэлтэй битүү хүмүүс. Бүгд далайн эрэг дагуу амарцгааж, жинхэнэ амралтыг эдэлж байгаа нь нүдэнд тодхон. Бид олон газраар зугаалж, өдөрт маш олон зүйл үзэж, харж явсан ба далай эрэг дээр мөн адил зав гарвал тухлан сууцгааж нэг нэгээрээ аяны дугараа өргөсөн юм. Миний дуулах ээлж ирлээ. Би ихэвчлэн ээжийн тухай дуу дуулах дуртай. Тэгээд түүнийхээ дагуу далай ээж дээрээ ирсэн тул ээжийн тухай дуу дуулахад далай ээж уярсан гэлтэй хүчтэй урсгал нь зөөлнөөр намдан торго шиг намиран биднийг илбэсэн юм. Энэ нь надад маш их таалагдаж би далайн зөөлөн урсах урсгалыг харан дотроо маш олон зүйлийг тунгаан бодож чадсан.
Мэдээж аяллаар явахад хамгийн чухал үлдэх зүйл бол зураг гэж боддог. Зураг түүх өгүүлнэ гэж юутай үнэн. Чимодан дүүрэн хувцас авч явсан би яг л зураг авалтад оролцож байгаа мэт очсон газар бүрдээ зургаа даруулан, маш нарийн төлөвлөгөөний дагуу явсан юм. ккккк 😂
Энэхүү аялал надад дурсамж болоод оюун бодлоо цэгцлэх боломжийг олгосон. Далай ээж болон хүслийн хаданд хүслээ шивнэж үлдээсэндээ би маш их сэтгэл хангалуун байгаа. Миний хүсэл ч биелэнэ гэж бодож байгаа. 3 өдөр маш хурдан өнгөрч, нэг л мэдэхэд буцах болсон байлаа.
Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй хамт явж, тухайн хүмүүсийн амьдралын түүх, адал явдлыг сонсон, хоорондоо ярилцаж явсан. Эдгээр өдрүүдээ бүгд дурсан өглөөний цайгаа уусны дараа бид автобусандаа сууцгаан гэрийн зүг хөдөлсөн юм.
Биднийг буцахтай зэрэгцэн хурмаст тэнгэр хур бороогоо хайрласан юм.
“Тиймээ” Аялал бол гайхамшиг.