Герман хүмүүсийн зарим өвөрмөц онцлогуудын тухай.

GaakiGaaki
4 min readNov 24, 2020

--

Миний бие Герман хэл, соёлыг сурсандаа маш их баярлаж явдаг. Зааж сургасан ачит багш нар болон найз нөхдөөсөө сурсан зүйлээ одоо ч би амьдрал дээрээ хэрэгжүүлж явна. Герман хэл сурсны ачаар би Герман улсад очиж амьдарч, Герман хүмүүсийн зан чанаруудаас суралцсандаа, энэхүү боломжийг олгож өгсөн гэр бүлийнхэндээ ч баярлаж явдаг.

Миний анхны ном болох “Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээцгээе” номондоо Германд байсан үеэ олон жишээн дээр тулгуурлан бичсэн байгаа. Германд байхдаа миний №1 суралцсан зүйл бол “Хэлсэн үгэндээ эзэн байх”. Хэлсэн үгэндээ хүрнэ гэдэг хамгийн том зан чанаруудын нэг гэж боддог. Хийж чадахгүй зүйлээ чадна гэж худал хэлэн хүнд итгэл найдвар өгөх шиг муухай зүйл байхгүй. Түүний оронд чадах зүйлдээ бат итгэлтэйгээр “Би чадна” гэж хэлэх нь харин түүнд тусалж байгаагийн илрэл юм.

Мөн хамгийн чухал зүйлийн нэг бол аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийх явдал. Цагийн юмыг цагт нь уриан дор би ажиллаж амьдардаг гэхэд болно. Ямар ч ажил бай түүнийг төлөвлөн гүйцэтгэлтэйгээр хийх нь амжилтын нэг алхам.

Мэдээж улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Герман хүмүүсийн тухай бичсэнийх тэдний өвөрмөц хирнээ энгийн хэдэн онцлогийн тухай заримаас нь хүргэхийг хичээлээ.

1. Хэнтэй ч бай цаг товлодог. Намайг уулзах хүсэлтээ илэрхийлэхэд тэд жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гарган, надтай уулзах боломжтой цагаа хайж эхэлдэгт нь би эхлээд гайхаж байсан ч одоо бол өөрөө тийм болсон.

2. Ёс журмыг чандлан сахидаг. Хаана ч явж байсан идэж уусан зүйлийнхээ хог хаягдал, татсан тамхиныхаа ишийг ил задгай хаядаггүй. Хэрэв би хаях юм бол хаа нэг газраас хэн нэгэн бичлэг юмуу, зураг дарж цагдаад өгөн намайг торгох болно. Энэ ч тоглоом биш шүү.

3. Цаг бол алт. Бүх зүйлээ төлөвлөн яг цаг хугацааны дагуу хийнэ. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол яг цагтаа. Амралтын өдрийг ч битүү цагаар дүүргэнэ. Хий дэмий цаг үрэх бол тэдний хувьд асуудал.

4. Нусаа чангаар хаана ч хамаагүй нийнэ. Эхэндээ би хүмүүсийг нусаа чангаар нийхэд нь гайхаж, өмнөөс нь ичдэг байсан. Тэр ч бүү хэл манай Герман хэлний Монгол багш нар хүртэл тэгж нийнэ. Тэр үеийг бодон нээрээ тийм ш дээ багш нар хүртэл тэгж л байсан юман дээр гайхах хэрэг юун гэж өөртөө хэлээд нээх тоолгүй өнгөрдөг болсон. Тэд хаана ч байсан хамаагүй номын санд, ресторанд, хурал цуглаан, баяр ёслол дээр ч нусаа нийх нь ичгүүртэй байдал биш гэж үздэг.

5. Үнэнч шударга хүмүүс. Миний ямар нэгэн байдал таалагдахгүй бол шуудхан л үнэнийг хэлнэ. Миний бас нэг сурсан зүйл яахын араггүй энэ юм. Зарим үед үнэнч шударга байлаа гээд ад үзэгдэх болно. Гэхдээ хэдий тийм байсан ч би энэ хэвээрээ л байна.

Энгийн хэрнээ эдгээр зүйлс бол тэдний амьдралын нэг хэсэг юм. Улс орон бүрийн хүмүүсийн аж төрөх хэв маяг өөр ч Герман хүмүүсийн амьдралын хэв маяг надад таалагддаг.

Сүүлд нь та бүхэнд хэдэн сонирхолтой баримт дурдахад. Жишээ нь: “Фанта” ундааг анх Дэлхийн 2-р дайны үед Германд гарган үйлдвэрлэсэн,

Хятад даамыг Германд зохион бүтээсэн,

Берлин бол Парис хотоос 9 дахин том гээд олон сонирхолтой баримт байдаг юм байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet