Монгол дээл ба орчин үе

GaakiGaaki
3 min readAug 2, 2020

--

Миний өмсөх дуртай хувцсын нэг бол Монгол дээл.

Эмээ маань их уран хүн байсан. Бидэнд дээл оёж өгч, өөрөө заримдаа хөдөө сумуудаар явж оёсон дээлээ борлуулдаг байлаа. Тухайн үедээ нэг дээлийг нэг хониор сольж авч байсан санагддаг юм. Эмээ маань нутагтаа дээл сайхан оёдог гэж алдаршсан хүн байсан ба захиалга ч их авдаг байсан. Өдөр шөнөгүй л дээлээ оёж суудаг байсан нь одоо нүдэнд харагдаж байна. Бага байхаасаа л эхлэн Монголын уламжлалт дээл хувцас гэж ямар нарийн зүйл байдгийг харж өссөн дөө. Энэ нь ч одоо дээл хувцсанд дурлах нэг шалтгаан болсон байх.

Жаахан байхдаа хичээлийн зуны амралтаараа эмээгийндээ очоод эмээгийн тамхины үнэр, дээл эсгэх, оёх гээд бүгдийг нь хажуунаас нь хараад суудаг байж билээ. Хажуунаас нь хараад суухаас биш, сураад авъя гэсэн бодолгүй байсандаа одоо харамсаж явдаг юм. Гэхдээ уран хүн гэдэг чинь цаанаа л ондоо байдаг юм байна лээ.

Эмээ маань ээжид яагаан өнгөтэй дээрээ шар дугуй хээтэй торгоор дээл хийж өгч байсан юм. Тэрхүү дээлийг ээж минь надад олон жилийн дараа өгч би өв уламжлан авсан гэхэд болно. Монгол хүн бүрд дээл маш сайхан зохидог шүү дээ.

Монголчууд эрт үеэс л хүний буян хишиг хувцсандаа хурдаг, эрэгтэй хүнийх бүсэндээ, эмэгтэй хүнийх бэлний чимэг зүүлтэд тогтдог гэж ярьдаг байсан. Энэ нь ч цаанаа ямар нэг утгыг агуулсан л байж таараа.

Бид Монголын уламжлалт баяр ёслолын үеэр л үндэсний хувцсаа өмсөх нь элбэг байдаг. Эсвэл аялал зугаалганы үеэр хамгийн их тус болдог нь дээл шүү дээ. Бид ихэвчлэн аав ээж, эмээ өвөөгөөс уламжлан авч үлдсэн, эсвэл өөртөө зориулан дээл оёулдаг. Тэгвэл яагаад тэрхүү хувцсаа өдөр тутам өмсөж болохгүй гэж? хэмээн зарим хүмүүс боддог байх.

Миний хувьд бол ямар нэгэн баяр ёслол, надад хүндэтгэлтэй гэж санагдсан ямарваа нэгэн арга хэмжээнд л дээл өмсдөг. Учир нь тэрхүү үндэсний өв соёл болсон хувцсаа, үнэ цэнэтэй өв соёлоор нь байлгахыг хүссэн дээ тэр. Өдөр бүр өмсөөд байвал үнэ цэнээ алдчих юм шиг санагддаг. Энэ зөвхөн миний л бодол шүү.

Орчин үед бид үндэсний өв соёл болсон үндэсний хувцсаа орчин үеийн загварт уялдуулан өмсөх болсон. Энэ мэдээж саяхны дэлгэрсэн моод биш ч гэлээ тэрхүү хувцасныхаа загвар төрхийг хэт өөрчлөн, утга учрыг нь алдаг дуулчих гээд байгаа юм шиг санагддаг.

Мэдээж орчин үеийн залууст үндэсний хувцсаа сурталчлан таниулах арга хэмжээ авах нь зөв ч ёс жаягаа хэт өөрчлөхгүй байхад л болоод явчих нь тэр. Эсвэл бид зөвхөн наадам, цагаан сар, үсний найр, бэр гуйх зэрэг уламжлалт баяруудаар өмсөнө хэмээн бодож болохгүй. Жишээ нь би компанийнхаа нэгэн шинэ жилээр саатай уламжлалт загварын дээл өмссөн юм. Тухайн үедээ сонин содон мэт байсан боловч, хүмүүс нээх их гайхаж хүлээн аваагүй. Гэхдээ нээрээ ингээд өмсөж болох юм байна гэсэн сэдэл бас хүмүүс авсан нь дамжиггүй. Тиймээс заавал өдөр тутамдаа өмсөж чадахгүй ч донжийг нь олоод өмсөх газраа зөв олчихвол бас нэгэн загвар болох ч юм билүү.

Орчин үеийн урлаг соёлын одууд маань ч гэсэн монгол дээлний загварыг хэт эвдэхгүйгээр хийлгэж өмсөөд уран бүтээлээ туурвиж байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ нь бас залуу дүү нартаа үлгэрлэж байгаагийн нэг жишээ гэж боддог.

Ингээд Та бүхэн минь үндэсний өв соёл болсон үндэсний хувцас болох дээлийг зөв зохистой өмсөж хэвшээсэй гэж хүсэж байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)