Надад блог бичих 4 шалтгаан бий.
Амьдрал бол тэр чигээрээ дурсамж. Тэдгээр дурсамжуудаасаа болон өөрийн олж авсан мэдлэг, мэдээлэл, өөрийн туршлагыг бусадтай хуваалцахын тулд өөрийн байр суурь, өөрийн үзэл бодлоор аливааг бичих хүсэлтэй. Амьдрал өөрөө бэлэг гэж ярьдаг. Тэрхүү ирж буй бэлэг бүр нь сайн сайхан байх албагүй ч, гэрэл гэгээтэй байлгахын тулд та бидний хүчин чармайлт маш чухал. Өнгөрөөж буй цаг хором бүрээ хайрлаж, алдаанаасаа суралцаж амьдрахыг хичээдэг. Сайнтай муутай энэ нийгэмд бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж, бусдад туслах, цагийг хий дэмий өнгөрүүлэхгүй байх нь миний хувьд амьдралын чухал зүйлс юм. Тиймээ надад блог бичих 4 шалтгаан бий.
1. Санаа бодлоо цаасан дээр буулгахын тулд:
Аливааг дотроо бодоод явах биш түүнийгээ цаасан дээр буулгах нь чухал гэж боддог. Хүний бодол мартагддаг. Харин цаасан дээр буусан зүйл байж л байдаг. Хэрвээ бид сайтар хадгалж чадвал хэдэн мянган жил ч байж болно. Цаасан дээр буулгасан зүйлээ бусдад ойлгомжтой, байдлаар бичиж хүргэх нь миний хувьд чухал зүйл болоод байна. Блогийн агуулга нь богино ойлгомжтой байхын тулд гол санаагаа багцлан оруулах нь хамгийн зөв. Тиймээс надад санаа бодлоо цаасан дээр бичих сайхан боломж олгож байгаа нь блог маань юм.
2. Мэдлэгээ бусадтай хуваалцахын тулд:
Би айлын бага эрх нь дэндсэн, юм болгоныг минийх гэж боддог, ах эгчийнхээ босс нь байсан нөхөр л дөө. Гэсэн хэдий ч бага байхаас л аав ээж маань тоглох тоглоом, идэх хоолноосоо бусадтай хуваалцах, бусдад туслаж байхыг зааж сургаж өсгөсөн. Энэ хүмүүжлээрээ ч би зөвхөн ганцаараа мэдэх биш бусадтай мэдлэг мэдээллээ хуваалцахыг илүүд үздэг юм. Өөрт байгаа зүйлээ бусадтай хуваалцах мэдрэмж их сайхан. Блог бичдэг найз нараасаа олж авах мэдлэг бол надад маш сайхан боломж олгодог.
3. Өөрийн номоо илүү сайжруулахын тулд:
Би бичих дуртай. Түүнийхээ дагуу ч анхны номоо хэвлүүлэн гаргаж байсан. Ном гаргавал уншигчдад таалагдах болов уу? Худалдан авах болов уу? гэдэг надад тийм ч чухал биш байсан. Учир нь би өөрийн хобби, дуртай зүйлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлж байгаа гэж үздэг. Тиймээс дараа дараагийн номоо бичихийн тулд Та нартаа зориулан, Та нараараа редактор хийлгүүлж байгаа юм. Уучлаарай. J
4. Бусдад илүү түгээхийн тулд:
Би “Maketoday” нэртэй пэйж хуудас хөтлөн явуулдаг. Тэрхүү пэйжээрээ дамжуулан өөрийн гаргасан төлөвлөгч дэвтэр, ном зэргийг бусдад таниулахыг хүсдэг. Мөн уншсан номын тэмдэглэл, бусад номтой холбоотой мэдээ мэдээллийг оруулахыг хичээдэг. Сошиал хуудсаа идэвхтэй ажиллуулахад минь гол хөшүүрэг болдог зүйл бол миний блог юм. Блогоороо дамжуулан өөрийн ур чадварыг нэмэгдүүлэхдээ үргэлж таатай байдаг.