Номын тэмдэглэл №1: “Шик хатагтайн зөвлөгөө”
Энэхүү номыг би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минут цайны цагаараа эхлүүлэн уншсан юм. Би уншсан ном бүрийнхээ тухай тэмдэглэл хөтлөн, гайхалтай ишлэлүүдийг тэмдэглэл авдаг. Энэ бичвэртээ би “Шик хатагтайн зөвлөгөө” номын тэмдэглэлийнхээ тухай Та бүхэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Дараа дараагийн удаа өөр олон уншсан номын тэмдэглэлээ Та нартаа хүргэх болноо. :)
Энэ ном бол Парисын 13-р дүүрэгт амьдрах Шик хатагтайн амьдралаас Лож-анжелис хотын оюутан охин Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөө, мэдээллээр дүүрэн ном юм.
Миний харж байгаагаар орчин үед хүмүүс хэт өндөр хэрэглээтэй болж нэг нэгнээсээ дээр гарах гэсэн санаа ихтэй, эцэс төгсгөлгүй шуналаар дүүрэн болжээ. Энэ нь аажимдаа яг тийм байх ёстой гэсэн бодлыг хүмүүст хүчээр бий болгож, хэрэгтэй хэрэггүй эд агуурсанд дурлаж, хүн бүрд байгаа юм надад байх ёстой гэсэн бодол дүүрэн болж, тэрнээсээ болоод хэрэгтэй хэрэггүй эд зүйлс гэрийг нь дүүргэх болж, бодол санааг нь хүртэл өөрчилж байна. Нөгөө минимал үзэл гэдгийг бүр буруу талаас нь ойлгоод ч байгаа юм шиг.
Тэгвэл энэхүү номонд хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээсээ хэтэрсэн хэрэглээг хязгаарлаж, цомхон энгийн амьдралаар амьдарч болдог гэдгийг тод томруун товч, тодорхой илэрхийлсэн байдаг. Уг номыг уншиж байхдаа би Парис хотыг дахин төсөөлөн бодсон юм.
Би Германд байхдаа Парис явах боломжийг олж авсан юм. Тэр нь амралтаараа 4 найзтайгаа Парис руу хурдан галт тэргээр аялах байлаа. Явахаасаа өмнө буудаллах буудлаа сонгон хурдхан очихыг тэсэн ядан хүлээсэн юм. Бид оюутнуудын байрладаг жижигхэн дэн буудалд байрлалаа. Өрөөн дотроо 2 ортой, тэр 2 ор нь 2 давхар. Бид 5-уулаа байсан тул 1 давхарт нь 2-уулаа унтах ёстой болов. Парист ирсэн хүмүүст энэ бол нэг их асуудал биш байлаа. Сэтгэл догдолсон гэж жигтэйхэн. Бидний гол зорилго бол мэдээж Эйфелийн цамхаг үзэх, түүний өмнө романтик зураг даруулах, орой дээрээс нь Парис хотыг тольдох байсан юм. Тиймээ бид чадсан. Би Парист байна гэж хашигрмаар санагдсан шүү. Гэхдээ би шөнийн Парисын эйфелийн цамхагийн урд хашигарч чадсан. Ккккк
Бид өдөр бүр шинэ зүйл үзэх төлөвлөгөөний дагуу хөлийн улаа эргэтэл явсан даа. Газрын зургийг гаргууд сайн ашигладаг найз маань биднийг чиглүүлэн, бид ч ядарснаа үл мартан хөөрсөн хэдэн нөхдүүд л явсан. Бид явсаар байгаад Луйверийн музей гадаа оочирлон зогсож байлаа. Мона лизагийн зургийг харахыг тэсэн ядан хүлээж байсансан. Миний мөрөөдлийн хот бол Парис юм. Ер нь Парист байдаг бүх л дурсгалт газрууд нь тэр чигээрээ л миний мөрөөдөл бөгөөд би хайртай хүнтэйгээ Парист дахин очиж нөгөө романтик зургаа олон янзын позтой даруулна гэж боддог шүү. Хэхэхэх
Энэ ном намайг 10 жилийн өмнөх Парист дахин очуулсан мэдрэмж төрүүлсэн ба номын хуудас бүрийг би шимтэн уншсан юм.
Энэхүү номоос миний сэтгэлд хүрсэн ишлэлүүд:
- Хоёр зүйлийг нэг зэрэг хийхэд аль нь ч төгс болохгүй
- Хоолыг амтархан идэж сурах, амтыг нь мэдрэх хэрэгтэй
- Болох болохгүй зүйлийг хэзээ ч худалдаж авахгүй байх
- Хоол идэж байхдаа бусад зүйлст төвлөрөхгүй байх
- Өөртөө ямагт сэтгэл хангалуун байх
- Зөв дадал зуршлыг өөртөө хэвшүүлэх
- Өөрийгөө ямар муу зуршилтай гэдгээ хөндлөнгийн нүдээр харж үзэх
Жишээ нь: Барьж явсан цүнхээ тогтмол нэг газраа тавьж чадаж байна уу, эсвэл өөр өөр газар тавьж байна уу г.м
- Аз жаргал бол хүссэн зүйлээ гартаа оруулахын нэр биш, харин өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байхыг хэлнэ г.м юм.
Ингээд Та нарт ч бас энэ номыг уншсан юм шиг мэдрэмж төрсөн гэдэгт итгэлтэй байна. Аливаа зүйлийг хэт томоор биш, хөнгөнөөр сэтгэж, Юу хийх вэ? биш яаж хийх вэ? гэсэн /номын ишлэл/ сэтгэлтэй байгаарай гэж хүсэж байна.