Та өөрийнхөө үнэ цэнэтэй хэр ойр амьдардаг вэ?

GaakiGaaki
2 min readApr 11, 2022

--

Бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйлс өөрийн гэсэн үнэ цэнэтэй. “Үнэ цэнэ” гэхээр хүн бүр дотроо өөр өөрөөр бодох байх л даа. Гэхдээ энэ дундаас өөрийгөө үнэлэх үнэ цэнэ ямагт тэргүүн эгнээнд байх хэрэгтэй. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай, амжилттай байхын нэг үндэс нь өөртөө итгэх, өөрийгөө зөв үнэлэх гэж би боддог. Өөрөө өөрийгөө зөв үнэлж байж л цаашдынхаа алхмыг зөв тодорхойлох боломжтой болно. Хэт өндрөөр өөрийгөө үнэлэх нь бардам занг бий болгох бол эсрэгээр нь өөрийгөө хэт доогуур үнэлэх нь өөртөө итгэлгүй, үлбэгэр, сулбагар, сул дорой болгож, өөрийнхөө хөгжин дэвших боломжуудыг хааж байх талтай. Бусад хүмүүс таныг үнэлэхгүй байж болох ч харин Та хэзээ ч өөрийгөө үнэлэхгүй байж болохгүй! Үүнийг хэзээ ч бүү мартаарай.

Хүн өөрийгөө хэчнээн үнэ цэнэтэй гэдгээ төдийлөн мэддэггүй. Хэн нэгэн таныг үл ойшоон, тантай таагүй харьцах төдий л өөрийгөө азгүй, хэнд ч хэрэггүй амьтан гэж бодож хэн нэгнээс тусламж ч хүсэж чаддаггүй. Энэ нь улмаар өөртөө итгэх итгэлийг нь унтраах, сул дорой байдлыг бий болгох гол үндэс болдог. Ийм байдалд орохгүйн тулд бид өөрийн үнэ цэнийг олох буюу өөртэйгээ хамт байх цаг хугацааг өөртөө олгох хэрэгтэй. Ганцаараа байж, бясалгал хийх, аливааг бодож тунгаан тэр дундаас зөвийг ухаарч байж бид зөв шийдвэрийг гаргах, эсвэл өнгөрсөн гомдол, цөхрөл, үзэн ядалтуудаас салах боломжтой. Тэр цагт таны дотор эерэг бодол, эерэг хандлагууд бий болж эхлэх нь гарцаагүй.

Эсвэл бид амьдралынхаа ямар нэгэн үнэ цэнэтэй гэж боддог зүйлээсээ холдох үеэсээ тэрхүү зүйлийн үнэ цэнийг илүү сайн мэдэрч болно. Жишээ нь: Эх орноосоо хол байх үед эх орон гэж ямар үнэ цэнэтэй зүйл болохыг, цагийн сайханд хайрлаж, дурлаж явсан хүнээсээ салан одохдоо тэрхүү хүнээ өөрийнх нь хувьд ямар их үнэ цэнэтэй хүн байсныг, бүр эсрэгээр нь өөрөө хайргүй гэж бодож явсан хүндээ дасан дурласан гэдгээ хожим хойно нь ойлгох гээд л бүхий л зүйл бидэнд үнэ цэнэ өгдөг. Бид бүгд л энэ дэлхий ертөнц хийгээд амьдарч буй улс орондоо багталцан ядан, заримдаа хэн нэгэнд баярлаж, гомдоллож, бухимдаж, амьдралын өдөр хоног бүрийнхээ сайн муу олон зүйлийг тэр бүр анзаардаггүй. Юунд ч юм яаран адгаж, алдаж, онож, алдах бүрдээ өөрийгөө буруутган, эсвэл бусдаас бурууг хайсаар байдаг. Гэхдээ тэрхүү хугацаанд ямар их үнэ цэнэ, итгэл үнэмшлээ алдаж байгааг үл ойшоодог.

Эцэст нь хамгийн чухал нь өөрийн үнэ цэнээ тодорхойлохын тулд өөрийгөө зөв үнэлж дүгнэх хэрэгтэй болж байна. Таны туулсан амьдрал, өнгөрсөнд болсон үйл явдлууд, таны сэтгэлийн шарх, зовиур, гомдол, үл уучлал, үзэн ядалтууд шууд нөлөөлж болно гэдгийг ч мартаж болохгүй. Магадгүй “Надад өөрчлөөд байх зүйл байхгүй” гэж Та бодож болно. Гэхдээ Та ганц ч хором атугай өөртэйгээ ярилцаад, өөрийгөө чагнаад нэг үзээрэй. Харин өнгөрсөнтэйгээ зууралдаад хэрэггүй. Учир нь бид өнгөрснөөс өчүүхэн төдийг ч өөрчилж чадахгүй. Харин бид ирээдүйгээ өөрчилж чадна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet