“ТЕЛОМЕРИЙН НӨЛӨӨ” — ЭЛИЗАБЕТ БЛЕКБӨРН PHD, ЭЛИССА ЭПЭЛ PHD

GaakiGaaki
3 min readMar 16, 2022

--

Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр хэдий ч орчин үед ихэнх хүмүүс зөв амьдралын хэв маягт суралцаж, түүнийгээ дадал болгон хэвшсээр байна. Бидний зарим нь амьдралын хэв маяг болон эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлст илүүтэй анхаардаг бол зарим нь дасгал хөдөлгөөнд илүү ач холбогдол өгдөг. Хүний сэтгэл зүй эрүүл мэндэд шууд нөлөөтэй гэж үзэх нь ч бий. Эрүүл мэндийн тухай ойлголтыг бид өдөр бүр шинээр хүлээн авч байгаа хэдий ч түүнийг амьдралдаа хэрэгжүүлэн урт удаан амьдрах боломжтой гэдгээ төдийлөн анзаардаггүй. Түүнд хайнга ханддаг гэхэд болно.

Анх энэхүү номын нэр болох “Теломер” гэх үг миний сонирхлыг ихээхэн татаж, энэ жил эрүүл мэндийн холбогдолтой ном түлхүү уншина гэж өөртөө амлалт өгсөн болоод ч тэрүү сонирхон унших болсон юм. Унших явцдаа Теломерийн шинжлэх ухаан нь нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод хувь хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй гэдгийг ч олж мэдсэн юм. Тийм ч учраас өөрийн болоод ойр дотны хүмүүс, үүнийг уншиж байгаа танихгүй нэгэн Танд ч гэсэн өөрсдийн эрүүл мэндээ анхаарч, хамгаалах, сайжруулах, түүнийгээ хэмжих, үнэлэх арга зам байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Бүгдээрээ одооноос эхэлцгээе.

Тэгвэл “Теломер” гэж юу вэ?

Хүний эсийн хромосом руу гүн нэвтэрвэл түүний бүтцийн төгсгөл хэсэгт ДНХ-ийн кодлогдоогүй төгсгөлийг олох боломжтой. Энэ бүтцийг “Теломер” гэж нэрлэдэг байх нь. Хромосом бусад хэсгүүдээс онцлогтой байгаагийн шалтгаан нь Теломерүүд эсийн хуваагдал бүрд богиносох учир эс хэр хурдан хөгшрөх, үхэх эсэх нь түүнээс шууд хамааралтай байх нь. Нэг ёсондоо Теломер бол дасгал хөдөлгөөн, нойргүйдэл, стресс, буруу хооллолт зэрэг амьдралын олон хүчин зүйлсийн тусгал болдог байна. Харин үүний эсрэг Теломерээ уртасгахыг хүсвэл дасгал хөдөлгөөн, эрүүл, зөв хооллолт, чанартай нойр авах хэрэгтэй. Теломерээ уртасгахын тулд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Жишээ нь: Чихэр /сахар/-ын хэрэглээгээ хянах. Энэ бол бидний гол асуудлуудын нэг. Хоолны дэглэмээ эерэгээр өөрчлөх үр дүнтэй ганц арга бол чихрийн хэрэглээгээ багасах. Хүслээ дарж, биеийнхээ өлсөх, цадах дохиоллыг ухаалгаар тохируулах нь их идэхээс сэргийлж байдаг. Бидэнд тохиолддог стресс, уйтгар гуниг, сэтгэл хөдлөл /эерэг сэтгэл хөдлөл хүртэл/ биднийг өлсөөгүй байхад өлссөн мэт мэдрэмж төрүүлдэг байна. Ингээд дурдаад байвал маш олон хүчин зүйлс гарч ирнэ. Бид өдөр бүр өөрийн эсийн хөгшрөх үйл явцыг хурдасгах, сааруулах, зогсоох нөлөөн дор амьдарч байгаа. Эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хангалттай сайн унтаж амрах, утга учиртай ажиллах хөдөлмөрлөх, нийгмийн эрүүл нөхөрсөг харилцааг бусадтай үүсгэх зэргээр биологийн хөгшрөлтийн явцаа сааруулах зогсоох, тэр ч бүү хэл сөрөг нөлөөллийг нь арилгаж, тэнцвэрт байдлаар амьдрах боломж бид бүгдэд бий. Мэдээж эсрэгээр нь түргэн хоол идэх, хэт чихэрлэг хүнс ихээр хэрэглэх, бага унтаж амрах, хөдөлгөөн багатай, стресс их байх нь хүний эсийг хурдан хөгшрүүлнэ. Иймд эсээ элээх, Теломерээ хорогдуулах үйлдлээ багасган эерэгээр өөрсдийгөө чиглүүлцгээе. Жижиг өөрчлөлт ч бидэнд хэрэгтэй юм шүү.

Нэмж хэлэхэд ганц л шөнийн нойр дутуу явахад бие махбодод стрессийн хариу урвал маш тод илэрдэг бөгөөд ядарсан хүний анхаарал төвлөрөл муудаж, шинэ юм сурахдаа тааруу, ой тогтоолт ч саардаг. Иймд ганц шөнийн нойр дутуу явахад маргааш үдээс хойш нь кортизолын хэмжээ өндөрсгөж, хоолны дуршлыг зохицуулдаг даавар болох педтидын хэмжээ өөрчлөгдөж хоолны дуршил огцом нэмэгддэг. Улмаар нөгөөх таргалалт үүсэх эрсдэл дагаад нэмэгдэнэ гэсэн үг.

Теломертоо анхаар:

- Тогтвортой, хүчтэй стресс үүсгэж байгаа эх үүсвэрийг олж тогтоо. Та юуг өөрчилж чадахаар байна?

- Аюулыг сорил болгон өөрчил,

- Өөртөө болон бусдад энэрэнгүй ханд,

- Өөрийгөө амраах, нөхөн төлжүүлэх аргыг хэрэглэж хэвш,

- Бодлоо ажиглаж, анхаарлаа төвлөрүүлж сур.

Теломероо хамгаалж сур:

- Идэвхтэй бай,

- Хангалттай амрах, нойрны зөв дадлыг өөртөө бүрдүүл,

- Хэт их шунахгүй, ухаалгаар идэж сур,

- Теломерт сайнаар нөлөөлөх бүхэл омега-3 тосны хүчлээр баялаг хоол ид,

Теломероо холбо:

- Амьд харилцаагаа сайжруул, өдрийн тодорхой хэсэгт дэлгэцээс холд,

- Цөөн бөгөөд дотно харилцааг бүрдүүл,

- Ногоон орчин бүрдүүл, байгальд цагийг өнгөрөө,

- Бусдад сайнаар ханд. Нөхөрсөг харилцаа бүрдүүл.

Анхаарал бол бусдад өгөх бэлэг юм.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet