“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” — Марк Мэнсон.

GaakiGaaki
2 min readDec 15, 2021

--

Бид аливааг хэрхэн бий болгох, бүтээхийг биш, харин хэрхэн алдах, тавьж явуулах тухай энэ ном бидэнд сургах болно. Бид өөрийн амьдралаа эргэн нэг харж, яг юун дээр алдаж байгаадаа дахин нэг хяналт хийх, өөрт хамгийн чухал гэж бодсон зүйлүүдээсээ бусдыг нь амьдралаасаа авч хаях зоригтой, тэмүүлэлтэй, шийдэмгий байх аргуудаас ч мөн суралцах болно.

Бид аливаа зүйлст асар их ач холбогдол өгч нэг л мэдэхэд түүндээ шаналан, сэтгэл зовнисон байдаг. Харин та бүдэрсэн ч бай дахин босох чадалтай, харьцангуй бага зүйлд ач холбогдол өгөхийг, аливаад хичээгээд байх тусам улам бүтэлгүйтэх олон шалтгааныг ч хэлж өгсөн. Ач холбогдол өгөх шаардлагагүй зүйлс амьдралд байдаг гэдгийг бид бүгд мэддэг хирнээ, мэддэггүй царайлдаг. Хамгийн чухал нь амьдралын олон саад бэрхшээлийг эерэгээр даван туулах гайхалтай шийдлүүд байдаг.

Энэхүү ном нь 9 бүлгээс /Битгий хичээ, Аз жаргал бол асуудал, Та онцгой биш, Зовлон шаналлын үнэ цэнэ, Сонголт үргэлж таных, Та бүгдийг эндүү бодож байгаа, Би ч мөн адил, Бүтэлгүйтэл бол урагшлах замнал, Үгүй гэж хэлэхийн ач холбогдол, Үхэх нь гарцаагүй/ бүрдсэн бөгөөд Та нартаа зориулан эхний 2 бүлгийг товч танилцуулахыг хүслээ. Цаашдын бүлэг бүрийг Та нар маань амтархан уншина гэж найдаж байна.

Битгий хичээ:

Чарлыз Букоюски бол архичин, хүүхэмсэг, архаг мөрийтэй тоглоомчин. Буковски уул нь зохиолч болох байсан ч түүний бүтээлүүд бараг бүх сонин сэтгүүл, хэвлэлийн газруудаас бүтэн 10 жилийн турш татгалзсан хариу авсан гэдэг. Гэхдээ ялагч болохын тулд бус ялагдагч гэдгээ хүлээн зөвшөөрч энэ тухайгаа шударгаар бичсэн болохоор эцэст нь түүнд амжилт ирсэн гэдэг. Тэр өөрөөсөө өөр хэн нэгэн байх гэж хэзээ ч оролдоогүй юм. Ердөө сайхан амьдрахын нууц бол олон зүйлд анхаарлаа хандуулахгүй, харин цөөн зүйлд ялангуяа зөвхөн үнэн, хойшлуулшгүй чухал зүйлд анхаарлаа хандуулах явдал юм.

“Эерэг зүйл рүү тэмүүлэх нь өөрөө сөрөг зүйл юм. Эсрэгээрээ сөрөг зүйлийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө эерэг зүйл юм.”

Аз жаргал бол асуудал:

Хүн бүрд л ямар нэг асуудал байж байдаг. Харин тухайн асуудлыг шийдсэнээр аз жаргал ирдэг. Амьдрал тэртээ тэргүй асуудлаар дүүрэн. Жишээ нь: Эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхийн тулд фитнесс клубт элслээ гэхэд 7 хоногт 3–4 удаа очих хэрэгтэй, яг хэзээ очих, очих цагаа зохицуулах, идэх хоолоо зохицуулах, дасгалаа хийсний дараа эвгүй үнэртэй явахгүйн тулд шүршүүрт орох, хувцсаа солих гээд л асуудлууд олон. Хамгийн чухал нь огт асуудалгүй байхдаа биш, харин асуудлыг шийдэхэд л орших юм.

“Аз жаргалтай байхын тулд танд шийдэх асуудал байх хэрэгтэй.”

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet