Уншсан номын тэмдэглэл №15 “Тавилан” роман-1,2,3
Өртэй юм шиг хувь заяаныхаа
Өчүүхэн нэгэн боол нь би
Өшөөтэй юм шиг хүмүүстэй
Ерөөлтэй юм шиг учрах тавилантай.
Тиймээ хүн бүрд өөр өөрийн гэсэн тавилан бий. Бид бүгд өөрсдийн хүссэн замаар амьдралдаа сайн, муу сонголтуудыг үргэлж хийж, зарим нь аз жаргалтай, зарим нь зовлон гунигтай, бүр зарим нь эдгээрийг хослуулан амьдарч яваа. Өөрсдийн тавиланд бусдыг буруутгаж, бусдын төлөө амьдарч байгаа мэт өөрийнхөө тавиланд өөрөө эзэн нь болохгүй яваа хүмүүс өнөөдөр маш олон.
Албан тушаал, сайхан амьдрал байлаа хэдий ч бусдыг гэх сэтгэлтэй, амьдралд зөв л явах нь хүн болж төрсний нэгэн гавьяа юм уу даа. Хүн бүр өөрийн тавиланг өөрөө л бүтээж байдаг. Бидний амьдралд сайн, муу явах нь гагцхүү биднээс өөрсдөөс нь шалтгаална гэдгийг тэр бүр мэддэггүй.
Тааж болдоггүй тавиланг яалтай
Таньж болдоггүй хүмүүнийг яалтай
Туулаад барах амьдралыг яалтай
Дуулаад уярах сэтгэлийг яалтай.
Уг зохиолд одоо цагт бараг гээгдсэн гэж болох монгол эр хүний уужим сайхан сэтгэлийг Данзан өвгөний дүрээр гаргаж ирсэн нь одоогийн бидний маш сайн ойлгох нэгэн зүйл билээ. Тэдний үр хүүхдийн амьдралын тухай орчин үеийн нийгмийн эрээн бараан бүхнийг харуулж, мөн хөшигний цаадах гэмт хэргүүдийн тухай нарийн тодорхой харуулж чадсан байна. Тэдний 7 хүүхдийн ээдрээт амьдралын тухай тэдэнтэй үйлийн үрээр холбогдсон бусад хүмүүсийн тухай унших бүрд сэтгэл зовоосон үйл явдлуудын тухай бид унших болно.
Үйлийн үр гээч зүйл байдаг гэдэгт би ч итгэдэг. Хүн ганц л олдох энэ амьдралдаа бусдын дээр гарахын төлөө амьдрах биш, бусдад хор хүргэхгүй, бусдын дор орохгүй амьдрах нь амьдралын нэгэн утга учир гэж боддог. Бусдыг залиллаж, бусдад муу муухай зүйл хийж амьдралд нь хар мөр үлдээсэн хүмүүс одоогоор сайн сайхан амьдарч байдаг ч гэсэн хожим хойно тэдний үр хүүхэд, цаашлаад үр хүүхдийн үр хүүхдэд ч тэрхүү үйлийн үр нь хаалга андууралгүйгээр гай гамшиг болон ирнэ гээд та боддоо. Энэхүү романд ч гэсэн үйлийн үрийн тухай маш ойлгомжтой тусгаж өгсөн санагдсан.
Тиймээс бүгдээрээ амьдралд зөв мөртэй, бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, бусдыг өөр шигээ санаж тэднийг ойлгодог байх нь амьдралаас хамгийн том шагнал юм шүү.
Уг зохиолд дан ганц муу муухай зүйлийг харуулаагүй ба бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс бас энэ хорвоо ертөнц дээр байдаг юм шүү гэсэн сэтгэгдлийг үлдээж чадсан. Ямар ч өвчин зовлон, гай гамшгийн өмнө хүн гээч амьтан ямар өчүүхэн байдгийг тавилан романаас та бүхэн унших болно.
Түм түжгэнэсэн олны дунд
Таарч учрах нь тавилан байдаг
Зүс үзээгүй хэн нэгэнтэй
Зөрөлдөх төдий ч тавилан байдаг.