Уншсан номын тэмдэглэл №3. “Хурлийз бүсгүй” Зохиолч Майн рид

GaakiGaaki
3 min readSep 9, 2020

--

Аав маань намайг бага байхаас л эхлэн байнга хажууд ном уншдаг байсан юм. Аавд чөлөөт гарвал л ном бариад суучихна. Өдөрт 2–3 номыг бол төвөггүйхэн уншчихдаг байсан. Аавыг ном уншиж байх дундуур би “Ааваа би ингэмээр байна, тэгмээр байна, ийм юм хиймээр байна, тийм юм хиймээр байна” гэх бүрд аав “за одоохон” гэж хэлээд, хэсэг хугацааны дараа миний хүслийг биелүүлдэг байсан юм. Одоо бодох нээ тухайн уншиж байсан бүлгээ дуусгахыг хичээдэг байсан нь лавтай. Би одоо яг тэгдэг юм. Хэрэв хүн надад юм хэлсэн бол би яг тэр уншиж буй бүлгээ дуусаж байж санаа минь амардаг.

Манай гэрээр дүүрэн утга зохиол, уран зохиол, хайр дурлал, адал явдалт гээд төрөл бүрийн номууд өрөөстэй байдаг байсан.

Аав маань голдуу “Майн рид”-ийн зохиолоос уншдаг байсныг би санадаг юм. Тэр дундаа “Хурлийз бүсгүй” гэдэг нэртэй номыг би ихэд гайхан тухайн үед сонирхон ааваасаа энэ номын нэр яагаад ийм нэртэй юм бэ? гэж асууж байсан.

Аав надад энэ бүсгүйн өвөө нь юм уу эмээ нь гадаад хүн бол тухайн хүнийг “Хурлийз” гэж нэрлэдэг юм гэж хэлж байсан. Ингээд гэрт байгаа тэрхүү номыг унших хүсэл төрж, тухайн үедээ эхлүүлээд л орхиж байсан. Яагаад гэхээр би өөрөө шүлэг бичих их сонирхолтой байсан тул шүлгийн ном шүүрэн авч, улмаар нөгөө унших номоо тас мартсан хэрэг л дээ.

За ямар ч байсан би одоо уншихыг хүсэж байсан зохиолчийнхоо номыг уншиж дуусгалаа. Ура. Гэхдээ их олон жилийн дараа. Хэхэх.

Зохиол маань ч хүүхэд байхдаа уншиж эхэлсэн тэр үеэс хавьгүй илүү уншихад таатай сайхан байлаа. “Майн рид” зохиолчийн уншигчдад хүргэх гэсэн санаа, өвөрмөц хэв маяг, оньсого мэт үйл явдал гээд л бүгд надад төгс бүтээл болсныг илтгэн харуулсан юм.

Зохиолын тухай товч дурдвал:

Английн нэгэн коллежийг сонгодог чиглэлээр дүүргэж, ээж аавынхаа гэрээс илүүтэйгээр адал явдал, аяллыг эрхэм болгосон залуу болох Эдвардын тухай гаргах болно. Эдвард Шинэ Орлеан дахь амьдралаа төсөөлж ч амжаагүй байхад түүний адал явдал эхэлнэ.

Хүнийг аялал өөрчилж, шинэ содон адал явдалт дурсамжийг үлдээдэг шүү дээ. Тэгвэл энэхүү номонд тухайн үед “боол” хэмээн нэрлэгдэж байсан “Хурлийз бүсгүй” болох “Аврора”-ын тухайн мөн гарна.

Гол дүрийн баатар болох Эдвард буюу тэнэмэл аялагч залуу хэрхэн боол бүсгүйд дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болж, адал явдал хэрхэн өрнөсөн тухай зүрх догдлом хайрын түүх миний сэтгэлийг уяраасан юм.

Бүлэг бүрийг унших бүрд дараагийн үйл явдлыг ургуулан бодож, дотроо дүрслэн харж уншиж суусан. Аврора гэгдэх боол бүсгүйн эзэн Эжени бүсгүй ч миний сэтгэлийг ихэд догдлуулсан. Түүнийг би азгүй дурлалын хохирогч гэж огт хараагүй бөгөөд харин ч сэтгэлийн хадтай, хайр гэх зүйлийг зүрх сэтгэлээсээ суга татан гаргахын тулд асар их хүчин чармайлт гаргасан зоригт бүсгүй гэж харсан юм.

Хайр бол мөнхийн сэдэв. Аль ч цаг үед хайр гэдэг зүйл оршин байдаг. Энэхүү номын гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёр баатрын хувьд тоо томшгүй олон саад бэрхшээлийг даван туулж, аз жаргалтай, амар тайван хамтдаа амьдарсан гэдэгт би бат итгэн энэхүү номоо дуусгасан юм.

Миний сонирхлыг татсан номын ишлэлүүд:

-Кармандаа багахан мөнгөний нөөцтэй ч

Толгойдоо мэдлэгийн их нөөцтэй байх

- Хүний сэтгэлийн утсыг хөндвөөс, хөндөгдсөн утас нь маш их чанга дуугардаг.

- Нийгмийн тэгш бус байдлыг таслан зогсоох

- Харц ардыг

Хан хүү болгон өөрчилж болно.

- Өөрийн чухал ажлыг найз нөхдөдөө хэзээ ч бүү даатга.

- Зориг, зорилгоо байнга тодорхойлж байх.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet