Уншсан номын тэмдэглэл №4 “Цойлогсод” Д.Бүжинлхам
Хүмүүсийн зарим нь Еврейг биширч үлдсэн хэсэг нь үзэн яддаг. Гэвч цэлмэг ухаантай хэнбугай ч Еврейчүүдийг дэлхий дээрх хамгийн аугаа цойлсон, тасарсан үндэстэн гэдэг үнэнийг няцааж чаддаггүй. /Уистон Черчилл/.
Тиймээ би ч гэсэн санал нэг байна. Еврей үндэстэнг бусдаас илүү гэдгийг би урьд өмнө нь уншиж байсан ном, үзэж байсан кино зэргээс харж, сонсож байсан. Тэр дундаа Еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх ухааныг дэлхий нийтээрээ шагшин магтацгаадаг. Одоо ч тэр хэвээр л байна.
Тэгвэл энэхүү номонд ажилтанд хүрэхийн тулд сэтгэл зүй болоод хүмүүжил, зуршил дадал зэрэг нь ямар чухал эзэмших ёстой ур чадвар гэдгийг маш ойлгомжтой, жишээ болон бодит түүхээс сэдэвлэн гайхалтай бичсэн байна. Эдгээр чадваруудыг эзэмшснээр өнөөгийн нийгэм дэх хүмүүсийн тэн хагас нь өөрчлөгдөх байх гэсэн бодол ч орж ирснээ нуух юун.
Миний бодлоор монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан нь хэт хоцрогдож, өнөөх л арга ядсан аргуудаа хэрэглэсээр л байна. Жишээ нь: Хүүхэд нь гэрийн даалгавраа хийж чадахгүй бол гэр бүлийнхэн нь өмнөөс нь хийх нь энүүхэнд. Тэгээд түүнийгээ сошиалд бахархан тавихаар бусад нь “хардаа хөөрхөн юм” гээд л шейр хийж, тэднийг баатар болгох нь энүүхэнд.
Хүүхдийг аль болох багаас нь бие даалган төлөвшүүлэх хэрэгтэй гэж энэхүү номонд өгүүлж байгаатай би мөн л санал нэг байна. Еврей хүмүүсийн гол зарчим бол бэрхшээлийг даван туулах чадвартай байх. Энэ бол зүгээр ч нэг үг биш. Энэ бол битгий бууж өг, алдаанаасаа байнга суралц, суралцахдаа илүү ахицтай суралц, дахин бос, хий, бүтээ гэсэн утгатай гэж би харж байна.
Тиймээс “Цойлогсод” номын зохиолчид би халуун баяр хүргэмээр байна. Дэлхийн хүн амын ердөө 1% хүрэхгүй цөөхөн гайхалтай хүмүүсийн тухай, бодит баримт нотолгоо, бусад олон түүхийн баримтыг судалж уншигч биднийхээ оюуныг тэтгэсэн явдалд баярлаад ханашгүй.
Номоос надад таалагдсан ишлэл, үг, өгүүлбэр зэргийг би Та бүхэндээ хүргэхийг хүсэж байна. Үүнд:
1. Ухаан байгаа газар мөнгө заавал оршин байдаг. /Еврей үг/
2. Хөдөлмөрлөхгүйгээр баяжихгүй
Хөдлөхгүйгээр галбиржахгүй
Уншихгүйгээр ухаан суухгүй
3. Сатаарал бол мөрөөдөл, зорилго, эрмэлзлийн хамгийн төгс алуурчин /Гопси Грифт/
4. Насанд хүрсэн хүн сард 115 цагийг зурагт үзэхэд, 156 цагийг сошиалд зарцуулдаг.
5. Нэг ээж мянган багшийн дайтай.
6. Еврей ээжээс төрсөн хүн л Еврей хүн.
7. Муу дүн тавих нь багшийн
Албан тушаал дэвшихгүй байх нь захирлын
Бараа чинь зарагдахгүй байх нь хэрэглэгчийн сонголт.
8. Мөнгийг хадгалж сурах, хэрэггүй зүйлд үрэхээс татгалздаг байх нь эерэг дадал зуршил юм.
9. Алдаа бол илүү ухаалгаар дахин эхлэх боломж.