УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ:

“ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ” амьдралын шинэ хэв маяг

GaakiGaaki
4 min readFeb 17, 2024

/Хүний их эмч Дэвид Сөрвэн Шрайябер, Phd, 2009 он/

Хорт хавдар бид бүгдийн дотор унтаа байдалтай байнга оршиж байдаг. Бүх амьд организмын нэгэн адил бидний бие махбод үргэлж л гажигтай эсүүдийг ямар нэгэн хэмжээгээр үүсгэж байдаг. Харин бид эдгээр үүссэн гажигтай эсийг цаг тухай бүр нь эрт илрүүлж, илэрсэн эсийг хяналтдаа байлгаж, өөрсдийн биеэ хамгаалалтын тогтолцоогоороо тоноглох хэрэгтэй. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, түүгээр өвдсөн үед хийгдэх эмчилгээний үр дүнг сайжруулах байгалийн олох аргыг энэхүү номонд тайлбарласан бөгөөд эмчилгээний одоогийн аргууд болох /мэс засал, туяа, хими эмчилгээ гэх мэт/ дээр нэмэлт болгон ашиглах амьдралын олон шинэ хэв маягийг мөн унших боломжтой байгаад миний хувьд маш их баяртай байна. Хүн бүр амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийгөө хуучнаасаа илүү бага багаар шинээр дахин бүтээх боломжтой.

Энэхүү номоос би маш олон хорт хавдрын тухай мэдээллийг олж мэдсэндээ туйлын их сэтгэл хангалуун байгаа. Мөн бидний урьд нь сонсож байсан мэдээллүүд ч багтсан байна. Хамгийн аймшигтай нь бид эдгээрийг мэддэг мөртөө амьдралдаа төдийлөн хэрэгжүүлдэггүй зүйлүүд байгаа. Бид эсвэл хэт хэнэггүй байна уу бүү мэд.

Бид өдөр тутамдаа олон төрлийн химийн найрлагатай гэр ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орны нөлөөлөл, гений нөлөө гээд дурдаад байвал маш олон хүчин зүйлс дунд амьдарч байна. Жишээ нь, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг богино долгионы зориулалттай хуванцар сав, лааз, хүүхдийн угж гэх мэт хуванцар доторлогоотой савыг хэрэглэдэг. Эдгээр саванд бисфенол А- /BPA/ гэх бодис байдаг. Энэ нь хөхний хорт хавдрын шалтгаан болдог бөгөөд химийн эмчилгээ хийх үед мэдрэг чанар нь огцом буурдаг байна. Гэтэл бидний олонхын цусанд энэхүү бодис илэрдэг нь үнэхээр харамсалтай.

Мөн чихэрлэг ундаа, боловсруулсан хүнс, цагаан гурилан бүтээгдэхүүн зэрэгт органик бус фосфатууд болох уушгины хорт хавдрын явцыг дэмжиж өгдөг бодисууд байдаг нь цуврал олон судалгаагаар батлагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд ихээхэн яригдаж байгаа цэвэршүүлсэн сахар, цагаан гурилан хэрэглээг хүн бүр дор бүрнээ хязгаарлах нь олон талын ач холбогдолтойг батлан харуулсаар байна. Таргалалт ба хөхний хорт хавдрын хоорондын хамаарал нь бидний хүнсэндээ хэрэглэдэг сахрын хэмжээнээс хамаарч байгаа нь гайхаад байх зүйл биш болж. Тэгэхээр нэг ёсондоо буруу амьдралын хэв маяг нь хорт хавдарт өртөх эрсдэлд шууд нөлөөлж байгааг дээрх хэдэн жишээнээс харахад л ойлгомжтой байна.

Дээр дурдсан гений болон удамшлын хүчин зүйлс нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 15 орчим хувьд нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ бид бүгд өөрсдийгөө энэхүү удамшлын хүчин зүйлсээс хамгаалах боломжтой. Учир нь судалгаагаар удамшлын хүчин зүйлс нь хорт хавдарт өчүүхэн хувь нэмэр оруулж байгааг онцолсон байна. Мэдээж өнөөдрийг хүртэл хорт хавдрын одоогийн эмчилгээний тогтоосон аргаас өөр илүү үр дүнтэй эмчилгээ байхгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Харин гагцхүү эдгээр эмчилгээ дээр нэмэлтээр амьдралын хэв маягаа өчүүхэн өөрчлөхөд л танд олон өөрчлөлт гарахыг л хэлж байгаа юм.

Хорт хавдар бол зөвхөн өсөж хөгжихөд таатай “бүс нутагт” л үүсэж хөгжинө. Энэ нь дархлаа нь суларсан хүний биед л цэцэглэн хөгждөг гэсэн үг. Энэхүү номд олон хорт хавдар туссан хүмүүсийн түүх өгүүлэгдэх бөгөөд бүгд л тэрхүү хорт өвчинтэй хэрхэн тэмцсэн тухай мөн бүгд л маш хичээнгүй ажиллаж, хөдөлмөрлөж, цаг наргүй амьдралын хэв маягт байж ихийг хийж бүтээсэн, бүтээхийг хүсэж тэмүүлдэг байсан хүмүүсийн тухай дурдагдах бөгөөд бүгд л дархлаа нь суларсан үед тухайн аюулт өвчин илэрснийг илтгэж байсан юм. Тэгвэл дархлааны эсийг юу дарангуйлж, юу идэвхжүүлдэг вэ гэхээр:

Дархлааны эсийг дарангуйлагчид нь:

- Боловсруулсан хоол хүнс — хиам, гахайн боловсруулсан мах гэх мэт. Эдгээр нь үрэвсэл өдөөх нөлөөтэй.

- Тогтмол уур уцаар, цөхрөл

- Нийгмээс тусгаарлагдсан байдал

- Өөрийн жинхэнэ дүр төрхөө нуух — Жнь: Бэлгийн чиг хандлага

- Хөдөлгөөний идэвхгүй амьдрал.

Дархлааны эсийг идэвхжүүлэгчид нь:

- Энэтхэг, Азийн хооллолтын хэв маяг — Үрэвслийн эсрэг нөлөөтэй.

- Тайван байдал, баяр хөөр

- Гэр бүл, найз нөхдийн халамж дэмжлэг

- Өөрийн бодит байдал, өнгөрсөн түүхээ хүлээн зөвшөөрөх

- Тогтмол дасгал хийх зэрэг багтана.

Дархлааны тогтолцоог өдөөх хүнсний бүтээгдэхүүнд жишээ нь: Мөөг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс, хар шоколад, ногоон цай, чавга, интоор гэх мэт. Эдгээрээс ногоон цай бол хавдрын өсөлт, үсэрхийлэлд шаардлагатай шинэ судасны үүсэлтийг бууруулдаг байна. Ногоон цайг хамгийн багадаа 8 минут, хамгийн тохиромжтой нь 10 минут хандлан уух хэрэгтэй байдаг байх нь.

ХОРТ ХАВДАР САХАРААР ХООЛЛОДОГ. Нэг ёсондоо үрэвслийн хүчин зүйлсийг дэмжиж өгдөг. Хорт хавдрын тархалтыг удаашруулах энгийн арга бол:

1. Сахар, цагаан гурилыг бага идэх

2. Улаан махны хэрэглээг багасгах, боловсруулсан гахайн махан бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх

3. Транс тосны хэрэглээг хязгаарлах.

Хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, стресс, сэтгэлийн түгшүүр, дарамтгүй амьдрах нь өөртөө хийж буй хамгийн зөв үйлдэл байх болно. Хэрэв та нэгэнт энэхүү хорт өвчнөөр өвчилж түүнтэй тэмцэх хэрэгтэй болсон бол тодорхой эм тариаг хими, туяан эмчилгээтэй хослуулахаас гадна мартаж болохгүй хамгийн чухал зүйлс болох шинэ амьдралын хэв маягийг амьдралдаа оруулан буруу хооллох хэв маягаа засах, өөрийн сэтгэлгээний хандлагыг өөрчлөх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж дадах хэрэгтэйг энд дурдах нь зүйтэй.

Хорт хавдар “онцгой” архаг өвчин юм.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet