Уншсан номын тэмдэглэл №8. “Вангийн нулимс” роман Todko Samson
Энэхүү зохиол нь адал явдал, хайр дурлал, үнэний төлөөх тэмцэл, зөгнөл зэргийг бүгдийг нь уран яаруу холбож, одоо, ирээдүй цагийг бидний амьдралын үнэнтэй ойртуулан бичсэн байна.
Зохиолыг уншаад хамгийн эхэнд төрсөн сэтгэгдэл бол эрх мэдэл, албан тушаалыг мөнхөд юм шиг санадаг, түүндээ бахдалтай нь араггүй амьдардаг хэсэг бүлэг хүмүүсийг ч бодон уншсан. Эрх мэдэл, албан тушаалыг хэм хэмжээндээ зохих ёсоор эдлэх хэрэгтэйг зарим нэг хүмүүс ойлгоосой ч гэж маш их хүсэж байна. Мөнгөөр бүгдийг үнэлдэг болсон энэ цагт үнэн гээч ялдаг гэдгийг ч харуулсан. Ядуу тарчиг ард түмний толгойг угаан, дээр нь хэрхэн хаан шиг заларч болдог муу үзэгдлүүдийг ч уншлаа.
Уг зохиол дээр гарч буй Дорноговь аймаг бол миний төрсөн нутаг. Бага байхад ч тэр, одоо ч тэр шүлхий гэдэг өвчин байнга гарсаар, энд тэнд хөл хорио тогтоосоор л байна.
Энэ нь ч одоо хэвийн үзэгдэл шиг л болж. Яг л хаврын хүндхэн үед гэнэт гараад ирдэг шүлхий өвчин, ядарсан хэдэн малчдыг ч туйлд нь хүргэж байгаа нь нууц биш. Бараг говийн бүх л хүмүүс зээр гэдэг амьтныг мэднэ. Тэрхүү тал нутагт нүүдэллэн амьдардаг зээрийн сүргийг хиаруулан үй олноор нь устгалд оруулж буй зохиолын хэсгийг уншихад надад маш их харуусал, өрөвдөх хайрлах сэтгэл төрсөн юм.
Өнөөдөр монголд томуу, томуу төст өвчин гээд ханиалгын шинжтэй маш олон өвчин тархсаар л байна. Намар болох үест бид вакцин гээд л хаана вакцин хийж байна тэнд оочирлон барин байж хийлгэдэг шүү дээ. Тэгвэл энэхүү зохиолд улаан бурхан өвчин хийгээд тэрхүү өвчнийг хаанаас хэн, ямар зорилготой монголд хэрхэн, ямар замаар зөөвөрлөн оруулж ирж байгаа тухай ч гарна. Би зохиолын тухай нэгд нэгэнгүй бичихыг хүссэнгүй. Яагаад гэхээр уншигч та бүхэн минь өөрсдөө энэхүү номыг уншиж, оюун бодолдоо тунгаана биз ээ.
Мөн эл зохиол дээр герман, австри зэрэг улсад өрнөж буй үйл явдлууд гарч байгаа нь надад маш ойр байсан. Би герман, австри зэрэг орнуудаар явж байсан болохоор дотроо өгүүлбэр бүрийг зураглан яг л тухайн мөчид хамт байгаа мэт эсвэл бүр кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөн шимтэн уншсан юм. Урьд нь цагаачлалын тухай олон ном уншиж байсан болохоор энэхүү зохиол дээр гарч байгаа Австрийн цагаачлалын газрын дүр зураг ч маш тод томруун байлаа.
Зохиолоо уншиж дуусгасны дараа одоо дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахал ч биополитикийн нэг хэсэг ч байж болох юм гэсэн хардах сэтгэл төрснөө нуух юун. Тиймээ бид хардах эрхтэй!!!