УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ:“CEO стратеги” — П.Батхишиг — 2022 он

GaakiGaaki
3 min readMay 31, 2024

--

Энэхүү номын гарчгийг уншаад зөвхөн компанийн захирал болоод удирдах ажилтнуудад зориулсан ном гэж Та бодож байна уу? Би ч анх хараад тийм байж магадгүй юм гэж бодож байтал, харин ч жижиг дунд бизнес эрхлэгч, шинээр бизнесээ эхлүүлж буй хүн болоод бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан ном гэдгийг ойлгосон юм.

Та энэ номыг уншингуутаа ямар нэг зүйлийг өөрчилнө гэхийн оронд одоогийн хийж буй бизнес, хүрсэн амжилт, тулгарсан асуудлаа номд өгүүлсэн хэсгүүдтэй харьцуулж, ямар нэг шинэ санаа, бодолд хүрсэн бол зохиогчийн зорилго биелэх нь тэр гэдэг хэсгийг уншаад миний санаа амарсан юм. Учир нь маш олон төрлийн маркетинг бизнесийн холбогдолтой ном байдаг. Түүнд зөвхөн онолын асуудлуудыг бичсэн байдаг бол энэхүү номд бүлэг бүрд бодит кейс жишээг авч, амжилтад хүрсэн олны танил эрхмүүдийн бизнесийн нууц, алдаа оноо гээд бүгдийг оновчтой, ойлгомжтой товч байдлаар хүргэсэн нь надад маш их таалагдсан бөгөөд уншихад ч маш хялбар байлаа.

Бизнес хийхэд жор байхгүй ч хөгжүүлэхэд жор-менежмент хэрэгтэй гэдэг энэ үг ямар нэгэн бизнесийн санаа хэн нэгний толгойд байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэхгүй бол зүгээр л санаа хэвээр үлдэнэ гэсэнтэй агаар нэг шиг санагдсан. Миний хувьд ямар ч бизнес бай, таны амьдралын ямар нэгэн төлөвлөгөө ч бай бүгд тодорхой урт хугацааны зорилготой байж, түүнд хүрэх арга замаа тодорхойлж, биелүүлэх нь чухал гэж боддог.

Энэхүү номд тухайн компани илүү хөгжье гэсэн хүсэл зорилго байвал стратеги төлөвлөлт хийх нь зүйтэйг тусгасан бөгөөд өөрөөр хэлбэл компани тодорхойгүй ирээдүйн талаар таамаглаж, түүнд зориулсан төлөвлөгөө гаргах нь амаргүй ч гэлээ хийсэн нь дээр гэсэн дүгнэлтэд хүрэх нь маш чухал. Хувь хүнээр бол зөвхөн өнөө маргаашаа харж амьдарвал амьдрал маш уйтгартай, “шар нар, бор хоногийг өнгөрөөх” байдалд орно. Ганц амьдрах энэ насандаа иймэрхүү байдалтай амьдарвал гунигтай биш гэж үү. Хувь хүмүүсийн хувьд жишээ нь ямар мэргэжил эзэмших, хаана ажиллах, хэнтэй гэр бүл зохиох нь стратегийн сонголт болдог. Хувь хүний стратегийн эдгээр шийдвэр нь тухай хүний ажил амьдралын замналыг илүү тодорхой болгодог. Буруу эсвэл дургүй мэргэжлээ эзэмшиж, таарч тохирохгүй хүнтэйгээ гэр бүл зохиосон тохиолдолд сайхан амьдрах нь бараг л боломжгүй. Үүнтэй адил компанийн хувьд урт хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд стратеги төлөвлөлт хийж, түүнийгээ хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө гаргах нь чухал гэдэг санааг мөн бид эндээс унших боломжтой.

Мөн энэхүү номын гол таалагдсан зүйл бол бизнесийн шинэ хандлагуудын талаар оруулсан нь байсан юм. Мэдээж сошиал медиа хөгжсөн өнөө үед ямар ч бизнес эрхлэгчдэд олон боломжуудыг олгож байна. Компанийн үйл ажиллагаа илүү хурдацтай, хариуцлагатай болохын хэрээр хэрэглэгчидтэй нягт холбогдож, тэдний эрэлт хэрэгцээг мэдэрч, байнгын шинэлэг байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнтэй Та ч гэсэн санал нийлэх байх. Өндөр хөгжилтэй орнуудын ерөнхийлөгч ч бай, алдартай бизнес эрхлэгч ч бай, мөн Та ч гэсэн хүссэн үедээ хаанаас ч хэн нэгэнд нөлөөлж, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн бизнесээ сурталчлах гээд бүхий л боломжууд бидний гарт нээлттэй байгаа. Нэг хэрэглэгчийн сайшаал магтаал, гомдол санал агшин зуур тухайн компанийн нэр хүндэд нөлөөлж, хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийг бууруулах хүртэл боломжтой болсон энэ үед ухаалаг утас авч нэг минутын бичлэг хийхэд л сая сая хүнд хүрч, хөрөнгө оруулагчийн санал авдаг болсон нь цаг хугацаа, орон зайн хязгаарыг үгүй хийж байгааг харуулж байна.

Энэхүү номыг уншсанаар би өөрийн мэдлэгтээ дахин нэг шинэ мэдлэг мэдээллийг хүлээн авч, өөртөө хөрөнгө оруулалт хийсэндээ баяртай байна. Баярлалаа.

Эцсийн дүнд стратеги бол сонголт юм.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet