УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: “АМЬСГАЛ” — ЖЭЙМС НЭСТОР

GaakiGaaki
3 min readMay 25, 2023

--

Анх энэхүү номыг унших болсон шалтгаан гэвэл би фитнесийн тэмцээнд бэлдэж эхлэх тэр үеэс улбаатай юм. Би хүнд дасгал хийх үедээ хэт хурдан хурдан амьсгалж, аахилж уухилж тэрхүү дасгалаа дуусгаж байлаа. Дотроо амьсгалаа зөв авахаа бодсон ч гэсэн яг л урьдынх шигээ амьсгалаа авсаар л байлаа. Хуучин зуршлаа засах нь надад төвөгтэй санагддаггүй ч энэ удаад буруу амьсгалаад байгаадаа өөртөө урам хугарч нэлээн төвөгтэй байдлыг өөртөө бий болгосон юм.

“Бидний амьсгал бол бишрэм, эдгээгч юм.”

Мэдээж амьсгал бол төрсөн цагаасаа л зөнгөөрөө хийдэг хүн бүрийн чаддаг зүйл байтал зөв амьсгалах, буруу амьсгалах гэж юу яриад байгаа юм бол гэж та бодож байна уу. Гэхдээ амьсгал бидний төсөөлж байгаа шиг тийм энгийн, ач холбогдолгүй үйлдэл биш гэдэг нь нэгэнт энэхүү номыг уншсанаар тодорхой болсон юм. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, удаан, хүчтэй, гүн амьсгалж байгаагаас хамаардаг байх нь. Өнөөгийн завгүй нийгмийн амьдралд бид яаж амьсгалж байгаагаа ч анзаарах сөхөөгүй явж байгаа нь үнэн. Гэхдээ энэхүү номыг уншсанаар хамраар амьсгалах нь болон амаар амьсгалахад хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг олж унших болно.

Хамгийн сонирхолтой нь бид дунджийн хуулийн дагуу амьдралынхаа туршид 670 сая удаа амьсгалдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Магадгүй бидний зарим нь үүнийхээ талыг амьсгалчихсан, эсвэл 669 сая дахь амьсгалаа авч байж ч магад. Харин хэдэн сая амьсгал нэмж авахыг хүсэж байвал энэхүү номыг уншихад маш том хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Кроссфитээр хичээллэдэг миний нэг танил амаараа байнга амьсгалдаг. Тэр амаар амьсгалахаар бие маань стрессдэж, амархан ядарч, миний спортын амжилтыг унгааж байгааг би олж мэдсэн гэж ярьж байсан юм. Би ч мөн адил ихэнхдээ амаар амьсгалах гээд байдаг талтай учраас түүний яриаг маш анхааралтай сонссоныхоо дараа хийж байгаа бүх дасгалаа амаараа амьсгалж хийж үзсэн юм. Миний толгой эргэж, маш амархан ядарч, сульдан дараагийн дасгал хийх ямар ч эрч хүчгүй болсон байсан. Тэр өдрөө би зүгээр л дээшээ хараад хэвтмээр санагдсан юм. Амаар амьсгалахад хүний бие 40%-аар илүү шингэнгээ алддаг гэдгийг сонсоод “Ээ бурхан минь, амаар амьсгалсаар байвал ус уух хэрэг байна уу” гэж бодогдсон гээч.

1500-аад оны үед хурхиралтын талаар анх судалж байсан судлаачдын нэг гэгдэх Германы физикч Лэвинүс Лэмниүс “Ам хаалттай байхад илүү эрүүл нойрсоно” хэмээн хүртэл бичиж байсан байна. Насанд хүрэгчдийн 45% нь заримдаа хурхирдаг бол хүн амын дөрөвний нэг нь байнга хурхирдаг байна. Ингээд дурдаад байвал амаар амьсгалах нь олон сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэж авлаа.

Харин хамар нь агаарыг цэвэрлэж, халааж, чийглэж шингээлтийг хялбарчлах чухал үүрэгтэйг бараг бүгд мэдэх байх. Аан гэхдээ бид хоол шингээлтийг сайжруулж, даавар ялгаруулж, цусны даралт буулгах, бодисын солилцоог сайжруулах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгт хариу үйлдэл үзүүлэх гээд төсөөлж байгаагүй олон ажиллагаанд оролцоотой байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Хамраар амьсгалах нь биеийг хүчтэй болгож, царай зүсийг сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэс болдог байна.

“Амьсгалын арга барилаа өөрчлөх шиг энгийн зүйл бидний эрүүл мэндэд ийм хэрэгтэй гэдгийг хэн санах билээ?”

Ингээд би аль болох дасгал хийх үедээ хамраараа амьсгалж, дасгал дуусаад 30 сек-ээс 1 минутын хугацаанд амрах хүртлээ амьсгалаа бүрэн авч, гаргахдаа зөөлнөөр гаргаж дасгалаа үргэлжлүүлэн хийсээр байсан юм. Ингэж амьсгалаа зөв хуваарилж, хамраараа амьсгал авснаар миний дасгал хийх гүйцэтгэл илүү сайжирч урьд нь хийдэг байсан дасгалуудаа төвөггүйхэн хийж байсан нь надад үнэхээр гайхалтай санагдсан юм.

Тийм ч учраас би энэхүү номын тэмдэглэлийг бичиж та бүхэндээ хүргэх гэж тэсэн ядан хүлээж ийнхүү нийтэлж байна. “Хэрэв үр хойчдоо хамгийн чухал захиас үгийг гэрээслэл болгон үлдээ гэвэл” “Амаа хаа” гэх 2 үгийг л хэлж үлдээхийг хүслээ.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet