УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: ЦУСНЫ ЭРГЭЛТЭЭ САЙЖРУУЛЖ ЭРҮҮЛЖИХҮЙ

GaakiGaaki
3 min readMar 26, 2024

--

Эмэгтэй хүний дотоод эрч хүч — Хориэ Акиёоши

Цусны эргэлтээ сайжруулснаар бүх асуудал шийдвэрлэгдэнэ гэж та бодож байна уу? Тиймээ шийдвэрлэгдэх боломжтой. Цусны эргэлт сайтай байх нь эрүүл байгаагийн илрэл гэдгийг ойлгож байгаа ч сэтгэл зүй болон биемахбодын асуудал бас үүнтэй холбоотой. Бие тавгүй үед ердийнхөөсөө илүүтэйгээр сэтгэлээр унасан байдаг шүү дээ. Мөн эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө ч гэсэн уур уцаар нь хүрч сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй. Харин эсрэгээрээ дасгал хийснээр сэтгэл сэргэж, амттай хоол идсэний дараа сэтгэл санаа жаргалтай болдог. Тэгэхээр сэтгэл зүй болон биемахбодын бүхий л асуудлуудын шалтгаан нь цусны эргэлттэй холбоотой гэдгийг энэхүү ном дээр дурсан байгаа.

Зөв аргаар амьдралын хэв маягаа өөрчлөхөд л цусны эргэлт сайжирдаг байх нь. Цусны эргэлтээ сайжруулна гэхээр цусаа шингэрүүлнэ гэж ойлгодог хүмүүс цөөнгүй. Гэтэл цусаа шингэлсэн ч цусны эргэлт сайжирдаггүй шалтгаан нь цус өтгөрсөнд бус цус багадсанд байдаг байна. Цус багадсаны улмаас олон төрлийн өвчин үүсдэг хэдий ч эсрэгээрээ ихэнх хүмүүсийн зовуурь нь цусны хэмжээг ихэсгэхэд л алга болно гэсэн үг. Цус гэхээр л төмрийн хэмжээндээ илүү анхаарах гээд байдаг ч, үнэндээ уснаас гадна цусанд хамгийн их байдаг нь уураг. Иймд хэрэглэх уургийн хэмжээгээ бууруулахад л тэр даруй цусны чанар мууддаг байх нь.

Цусны эргэлт муудахад биеийн үйл ажиллагаа нь уг үндсээрээ эхлэн алдагддаг.

- Ус, шингэний тэнцвэр алдагдах тул хавагнадаг,

- Хүчилтөрөгч зөөвөрлөгдөлгүй, илчлэгийг шатааж чадахгүй тул таргалдаг,

- Хаягдал бодисууд гадагшлахгүй тул бие хүнд оргидог,

- Дулаан хангалтгүй болдог тул даардаг,

- Дархлааны хүч сулардаг тул өвчинд амархан өртдөг.

Цусны эргэлт муудахад л бий болдог дээрх шинж тэмдгүүдийг сайтар ажиглаад үзвэл магадгүй танд ч гэсэн эдгээр шинж тэмдэг илэрч шаналж байж магадгүй. Миний хувьд архаг цус багадалттай гэсэн оноштой. Дээрх шинж тэмдгүүд илэрдэг байсан. Харин тэгж мэдсэнээс хойш, амьдралын хэв маягаа бага багаар өөрчилж өдгөө 8 дахь жилдээ золгож байна.

Нэг ёсондоо цусны эргэлт бол бидний бие доторх далай билээ. Цусны эргэлт багасах үед сэтгэл гутрах, сэтгэлээр унах, уурлаж уцаарлах гэх мэтийн сөрөг сэтгэл хөдлөлүүд үүсэж бий болдог. Энэ нь тархин дахь цусны эргэлт хангалтгүй байгаа учраас юм. Суух юм уу хэвтэж байгаад огцом босох үед толгой эргэх тохиолдол гарч байсан биз дээ? Энэ нь тархин дахь цусны эргэлт түр зуур дутагдах үед тохиолддог байна. Үүнийг зүгээр энгийн асуудал гэж орхиж болохгүй бөгөөд даамжраад ирвэл тархи хэвийн үйл ажиллагаагаа алдаж, ноцтой асуудлууд илрэх боломжтой байх нь. Учир нь цусны эргэлт дутагдсаны улмаас хүчилтөрөгчийг багахан хэмжээнд л зөөвөрлөдөг тул тархины үйл ажиллагаа мууддаг байна.

Цусны эргэлтийг муудуулдаг 3 үндсэн шалтгаан бол:

- Цус төлжихгүй байх,

- Цус дутагдах,

- Цус хангалттай сайн эргэлдэхгүй байх.

Цус яагаад төлжихөө больдог юм бол? Түүний хариулт нь ходоод гэдсэнд байдаг. Ходоод гэдэс муудаж, сулрахад шим тэжээлийг хангалттай сайн шимж чадахаа больдог. Тэгэнгүүт цусыг үүсгэгч гол түүхий эд нь биед орж ирэхгүй болж байна гэсэн үг юм.

Эмэгтэй хүний цусны эргэлт төрөлхийн дутагдах хандлагатай байдаг бөгөөд сар бүр сарын тэмдгээр цус алддагтай холбоотой. Сарын тэмдгээр алдаж буй цусны хэмжээг дутуу үнэлж болохгүй. 1 удаагийн сарын тэмдгээр ойролцоогоор 100 мл бол 1 жилд 1,2 литр алддаг байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet