Хүүхэд бидний аз жаргал.
Жил ирэх тусам хүүхэд хөөрхөн санагдаж, харахаар л хайр хүрээд жаахан хүүхдийг бол базаад, хачихмаар ч юм шиг. Энэ таны хүүхдийг шоглох гэсэн санаа биш юм шүү хэхэхэ. Хүүхэд уйлахаар л ядаргаатай санагддаг байсан үе ор мөргүй алга болжээ. Нас явж байгаагийн шинж ч юм уу хэн мэдлээ. Гэхдээ л хүүхэд бол айл гэрийн хамгийн чухал аз жаргалын нэг яахын араггүй мөн.
Олон жил болсон хосуудын хувьд хүүхэд гэдэг зүгээр л алт эрдэнэсээс илүү амьдралын утга учир гэдгийг би ойлгосон юм. Хүүхдийн инээд хөөр цангинасан айл цаанаа л нэг гэрэл гэгээтэй байдаг шүү дээ.
Миний жил бүрийн хийдэг зүйлийн нэг бол хүүхэд баярлуулах. Их бага гэлтгүй жаахан зүйлийг том болгож хардаг хүн бол хүүхэд. Ганц чихэр өгсөн ч баярлаад л явчихана.
Хүүхэдтэй айлд орохдоо хоосон бүү орж байгаарай. Ядаж нэг чихэр бариад орох хэрэгтэй. Тэр бүлтийсэн хэдэн хүүхдүүд таны гарыг хараад л зогсох нь гарцаагүй. Хүүхдүүд бэлгэнд, тоглоомонд, ер нь дуртай зүйлээ авч байгаа тэр харц үнэхээр сайхан. Томчуудаас ялгаатай нь хүүхэд бүр маш жижигхэн зүйлст баярлан, хөөрч явдаг.
Тухайн гэр бүлийн аз жаргал бол хүүхдийн баяр баясгалантай мөч бүр юм. Ирээдүйн миний хүүхэд аз жаргалтай, хайр энэрлээр дүүрэн, халуун дулаан гэр бүлд өсөж торниосой гэж би үргэлж хүсдэг. Гагцхүү тэрхүү хүслээ бий болгоход миний л хүчин чармайлт их гэдгийг би ойлгож байгаа. Хичээсээр ч байгаа.
Өөрөө хүүхэд гаргаагүйг ч хэлэх үү найзын, ах эгчийн, хамаатан садангийн бүх хүүхдүүдийг би баярлуулахыг хичээдэг. Ядаж л аав ээжийг нь завгүй үед салхинд аваад гарах, өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг нь чадах чинээгээрээ өгөхийг хүсдэг.
Хүүхдүүддээ аль болох үлгэрийн орчинг бүрдүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Шинэ жилээр өвлийн өвгөн хүсэл биелүүлдэг гэдэгт итгэхтэй адилхан. Хэрвээ би сайн сурвал өвлийн өвгөн надад бэлэг өгнө гээд л бид ч гэсэн догдлон хичээж байдаг байсан шүү дээ. Түүнтэй адилхан ямар нэг баяр ёслолоор та зүгээр л үлгэрийн нэг баатрын дүрд хувиран гэртээ орж яагаад болохгүй гэж. Ингэж орох юм бол таны хүүхдийн сэтгэлээс хэзээ ч гаргахгүй нь лавтай. Түүний баярласан харц, хамгийн үнэтэй тоглоом авахаас илүү байна гээд та боддоо.
Хүүхэд бүрд л ямар нэг хэмжээгээр үлгэрийн баатруудын зурагтай хувцас, эд хэрэглэл байгаа. Энэ нь тэдний аз жаргалтай байх нэгэн үндэс ч байж болох юм.
Магадгүй та хүүхдэд зориулсан ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа бол хүүхдийн баяраар гэр хорооллын айлуудаар яваад бэлэг өгөөд үзээрэй. Би ч гэсэн ирэх жил тэгж явах бодолтой байгаа. Миний хувьд би цэцэрлэгийн нэг анги сонгон өөрийн сэтгэлээ шингээсэн бэлгийг өгдөг.
Тэр үед би өөрийн эрхгүй инээж, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Яагаад гэхээр инээд халдварладаг гэдгийг та мэднэ биз дээ. Хажууд хүүхдүүд инээд хөөртэй байхад хэн гунигтай байх билээ. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адил бид ч бас тэрхүү жаахан ертөнц бүрийг хайрлан, халамжлах үүрэгтэй гэдгээ хэзээ ч мартаж болохгүй юм.