“ҮРЭВСЛИЙГ ЭМЧЛЭХ НЬ”
PH.D ВИЛЛИАМ ЖОЕЛ МЕГСС, КАРОЛ СВЕК /2021 он/
Бид өдөр бүр эрүүл мэнд, урт наслалтын тухай ном, хоолны дэглэмийн зөвлөгөө, эмийн сурталчилгаа, нийгмийн эрүүл мэндийн мэдээллүүд, амин дэмийн нэмэлт бэлдмэлийн сурталчилгаа, эрүүл мэндтэй холбоотой анхаарууллага гэх мэт маш олон янзын мэдээллээр бөмбөгдүүлж байдаг.
Зарим үед хүнийг өвдөх үед шууд өөрсдийг нь буруутгаж, аминдаа арчаагүй гэж шүүмжлэхүйц их мэдээллийн урсгалд бид амьдарсаар л байна. Хүмүүсийг зүрхний шигдээсээр өвдсөн үед тэднийг өрөвдөн хайрлахаас илүүтэйгээр буруутгадаг. Хэрэв тэд тамхи татахаа больж, илүү их жимс ногоо идэж, дасгал хөдөлгөөн сайн хийж, цусны даралтын эм хэрэглэх болон өөр бусад шаардлагатай зүйлсийг хийж байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна уу?. Хариулт нь “ҮГҮЙ”.
Тамхи татдаггүй, зохистой хооллодог, дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ч нас барж л байдаг. Гэвч яах ч араггүй өвчинд хүргэх эрсдэлүүд бий, тэднийг буруутгах аргууд ч байдаг. Түүний нэг бол үрэвсэл юм. Аливаа өвчин эмгэгийг халдварын болон халдварын бус шалтгаант гэж ангилан үздэг байна. Халдварын бус шалтгаант өвчин
эмгэгийн гол эрсдэлт хүчин зүйл нь хүний биед удаан хугацааны туршид архаг үрэвслийг үүсгэж байдаг амьдралын буруу хэв маяг ордог.
Үрэвсэл гээч зүйл нөлөөлөхгүй биемахбодийн хэсэг гэж нэгээхэн ч байхгүй гэдгийг уншаад хамгийн чухал мэдэх ёстой ойлголт бол үрэвсэл юм байна гэж бодсон юм. Үрэвсэл нь хөгшрөлт, таргалалт, цус харвалт, ядаргаа, сэтгэл гутрал, харшлын хариу урвалууд, зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, чихрийн шижин, багтраа, альцгеймер, гэдэсний үрэвсэлт өвчнүүд гээд бараг бүхий л өвчинтэй уялдаа холбоотой байдаг бөгөөд хүний биеийн үндсэн үйл ажиллагааны нэг, бас дархлааны нэг хэсэг болдог байна.
Үрэвслийн үндсэн шинж болох улайх, халуурах, өвдөх, хавдах зэрэг нь мэдэгдэхүйц илт байдаг гэдгийг бид мэдэх болсон. Харин халуурах, товруу тууралт гарах, хөхрөх нь үрэвслийн үр дагавар юм байна. Хэдийгээр бид үрэвслийн талаар бүхнийг мэдэхгүй байгаа ч мэддэг зүйл дээрээ тулгуурлан мөн энэхүү номыг уншсанаар өдөр тутмын амьдралдаа үрэвслийг бууруулах, эмчлэх арга замыг хэрэгжүүлэх боломжтой юм гэдгийг дуулгахад таатай байна.
Үрэвслийн тухай унших явцад хэрвээ үрэвсэл байгаагүй сэн бол хүн төрснөөсөө хойш төд удалгүй бактери, мөөгөнцөр, вируст идүүлэх магадлал байгаа тул үрэвсэл нэг талаараа байж болох зүйл ч юм шиг. Гэхдээ үрэвсэл үүсгэгч гол эрсдэлтэй нэгнээ бид бид харин мэдэх хэрэгтэй болох нь.
Үүнд:
1. Холестрол ихтэй, цусны даралт өндөртэй, эсвэл зүрх судасны өвчний хам шинж тэмдэг илэрсэн хүн,
2. Чихрийн шижин өвчтэй хүн,
3. Илүүдэл жинтэй хүн,
4. Гэр бүлийн гишүүдийн нэг нь зүрх судасны өвчтэй, цус харвалт, чихрийн шижин, альцгеймерээр өвчилсөн хүн,
5. Улаан чонон яр, тархмал хатуурал, ревматойд, аутоммиун эмгэгтэй хүн,
6. Буйлны үрэвсэлтэй болон шүдний тулгуур эдийн өвчтэй хүн,
7. Үргэлж ядарч сульддаг хүн,
8. Дөчөөс дээш нас,
9. Үрэвсэл үүсгэгч орчинд амьдарч, ажилладаг хүн,
10. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилд автсан бүхэн.
Тэгвэл бид өмнө дурдсанчлан үрэвслийг эмчлэх, үрэвслээс урьдчилан сэргийлэх бага ч гэсэн боломж байгаа гэдгийг мэдэх болсон. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хоол хүнсэнд агуулагдах нэмэлт бодисууд, орчин үеийн технологийн нөлөөгөөр агаар мандалд гарч буй өөрчлөлтүүд нь бидний биемахбодь үрэвсэхэд нөлөөлж байдаг.
Тэгвэл дараах зүйлсийг бид өөрчилж үрэвслээс урьдчилан сэргийлж болно. Үүнд:
1. Хоол хүнстэй холбоотой шийдлүүд:
Идэж буй хоол хүнсээ багахан өөрчилж, сайжруулснаар өвдөлтийг багасгах, энерги, эрч хүч авах, үрэвсэлт өвчин тусах эрсдэлийг бууруулах боломжтой.
Үрэвсэлтэй тэмцэх 7 зааварчилгаа нь:
- Жимс хүнсний ногоо хангалттай идэх,
- Долоо хоногт 3–5 удаа загас идэх,
- Оливын тос хэрэглэж хэвших,
- Махан бүтээгдэхүүнээ багасгах,
- Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зөвлөмжит хэмжээгээр хэрэглэх,
- Бага идэх,
- Өөрт таарахгүй хүнсний бүтээгдэхүүнээ таньж мэдэж чаддаг байх.
2. Амьдрах орчиндоо анхаарах шийдлүүд:
Жишээ нь: Хими цэвэрлэгээнээс гэр рүүгээ хувцсаа авчрахдаа хүртэл анхаарах хэрэгтэй. Хуурай хими цэвэрлэгээнээс авчирсан хувцсыг шүүгээндээ өлгөх эхний хэд хоногт агаарт хэмжигдэхүйц хэмжээний хавдар үүсгэгч хими цэвэрлэгээний бодис гэрийн агаарт агуулагдаж байдаг байна. Иймд аль болох 2–3 хоногт граж болон тагтан дээрээ байлгаж болно. Мөн хортой барилгад ажиллаж, амьдарч байгаа эсэхээ хараад ажиглаад нэг үзээрэй. Цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс харшилтай бол харшил үүсгэдэггүй бүтээгдэхүүнээр сольж болно.
3. Амьдралын хэв маягаа өөрчлөх шийдлүүд:
- Тамхинаас гарах. Тамхи үрэвслийн маркеруудад нөлөөлж, үрэвслийг нэмэгдүүлдэг.
- Дасгал хөдөлгөөн хийх. Бүх талаараа адилхан хэрнээ дасгал хийдэг хүн дасгал хийдэггүй хүнээс 2 жилээр урт насалдаг. Мөн биеийн хүчний хөдөлмөрийн чадвар алдалт цөөн, хөгшрөлттэй холбоотой хөдөлмөрийн чадвар алдалт 15 жилээр бага байдаг байна. Урт хугацаанд дасгал хийх нь хөгшрөлттэй холбоотой ой санамж буурах, хариу урвал үзүүлэх чадвар буурах болон бусад тархины үйл ажиллагааны алдагдлыг бууруулдаг.
4. Бусад шийдлүүд:
- Согтууруулах ундаа бага хэрэглэх. Яахав хааяа дарс уух нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ч хэтрүүлбэл аюултай.
- Аюулгүй бэлгийн харилцаа эрүүл мэндэд маш сайн бөгөөд үрэвсэл бууруулдаг гэж үздэг. Бэлгийн харьцаанд ороход хөгшрөлтийг удаашруулдаг даавар ялгарч, тархины допамины хэмжээ нэмэгддэг байна.
Номыг уншиж дуусаад үрэвслийн талаар зөв, цэгцтэй ойлголтыг олж авсандаа баяртай байна. Мөн олон зөвлөмж, санаануудыг ч өөрийн болон гэр бүлийн амьдралдаа хэрэгжүүлнэ гэж бодлоо. Ингээд бодохоор бид эмчид эрүүл мэндээ даатгадаг биш, эрүүл мэндээ өөрийн гартаа авдаг болцгооё гэж уриалмаар байна.