“Өнөө орой яахын” уулзалтад урсаад байгаа
мөнгөө хэрхэн хэмнэх вэ гэж үү?
Бид өдөр бүр хоол унд, унаандаа багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг ч тэр болгон тооцоолоод байдаггүй. Тооцоолдог хэд нь цөөхөн байх. Зарим нь бүр “Тооцоолох шаардлага” байна уу? ч гэж бодож байж болох юм. Судалгаагаар үзэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү зарлага гаргадаг гэж үздэг ч хэн нэгэнтэй уулзах үедээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л төсөөлснөөсөө их мөнгө зарцуулсан байдаг. Дараа нь харин гайхаж орхидог.
Жишээ нь: Саран хамгийн багадаа л гэхэд 7 хоногт нэг удаа хэн нэгэнтэй гадуур товлогдоогүй уулзалт хийдэг гэж бодъё. Тэрээр тухайн уулзалтад нэг их цаг хугацаа зарцуулаагүй хэрнээ хөнгөн кофе, зууш, бялуу төдий л идэхэд дунджаар 25.000 төгрөг зарцуулдаг гэж үзвэл нэг жилд 52 уулзалтад 1.300.000 төгрөг зарцуулах нь ээ. Үүнийг уншаад би ч гэсэн иймэрхүү зардал гаргадаг ш дээ, бараг үүнээс ч их юмуу? гэж бодож байна уу? Тэгвэл зардлаа багасгаж үр дүнтэй уулзалт хийхийн тулд:
-Төлөвлөгөөт уулзалт зохион байгуулах: Хэнтэй, хаана, ямар шугамаар уулзахаа сайн төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Тухайн сардаа уулзах уулзалт байвал хаана, юу хийхээ төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь: Ууланд алхангаа ярилцаж болно, мөн хэн нэгнийхдээ “movietime” хийх үедээ эсвэл цаг агаар дулаан үед цэцэрлэгт хүрээлэнд салхилангаа ч байж болох юм. Ямар ч төлөвлөөгүй уулзалтыг цуцалсан дээр ч гэнэтийн шаардлагатай үед зардлаа багасгаж, үр дүнтэй уулзах хэрэгтэй гэдгээ өөртөө сануулчихад гэмгүй. Төлөвлөөгүй гэнэт уулзаад, хэдэн зуугаар нь үрчхээд дараа нь харамсах хэрэг юм болох вий.
-Бүтээлчээр уулзалт хийж болохгүй гэж үү? Та ямар нэгэн сонирхолтой өөр хэрэгтэй эвентэд очихоор төлөвлөж байгаа бол удаан уулзаагүй болон ойрын үед уулзахаар төлөвлөсөн хүндээ санал тавьж болох л юм. Энэ маш үр дүнтэй уулзалт байх болно. Мөн хамтдаа музей, уран зургийн галерей үзсэн ч болно гээд маш олон сонирхолтой зүйлс хийнгээ уулзалт зохион байгуулах бүрэн боломжтой. Өнөөгийн нийгэмд уулзахаараа л заавал уудаг соёлоос татгалзсан дээр дээ. Хамгийн гол нь өөртөө итгэлтэйгээр “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй.